
Прокурорын байгууллага энэ сарын 7-11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,545 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,461 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 761 хэрэг шинээр нээсэн байна.
Мөн прокуророос 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн:
- 124 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
- 81 нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг,
- 73 нь өмчлөх эрхийн эсрэг, * 11 нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг,
- 11 нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг,
- 10 нь хүний амьд явах эрхийн эсрэг,
- 5 нь авлигын,
- 4 нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг байна.
Мөн хүүхдийн эсрэг, цэргийн албаны эсрэг болон үндэсний аюулгүй байдлын эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Ц, ерөнхий инженерээр ажиллаж байсан Т.О зэрэг 15 хүн болон нэр бүхий хуулийн этгээдэд холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тэднийг барилгын ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд захиалагчийн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан болон хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн гэх үйлдэлд буруутгажээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт:
- 8.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хоёр хүнд,
- Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, орон сууцанд хадгалсан хоёр хүнд,
- Өөртөө хэрэглэх зорилгоор хориглосон бодис хууль бусаар олж авч, хадгалсан хоёр хүнд,
- Фейсбүүкээр бага насны хүүхэдтэй харилцаж, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, садар самуунд уруу татсан гэх нэг хүнд тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас И-Монголиа аппликейшнийг дуурайлган хийж, мэдээллийг хуулбарлан тараасан, иргэний болон хувийн мэдээллийг хуурамчаар үйлдэж бусдад худалдсан гэх хоёр хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!