
Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит намрын чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд эхэллээ. Намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ удаагийн чуулганаар иргэдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, авто зогсоолын зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Мөн бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн өмнө нь өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг батлуулах чиглэлээр ажиллахаар байна.
Дашрамд дурдахад, өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр Олон улсын ардчиллын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд ардчилал, эрх чөлөөний үнэ цэн, ач холбогдлыг дэлхий нийтэд таниулах зорилгоор есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тунхагласан юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!