Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд дөрвөн аймагт хог хаягдлын түр агуулах цэг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 2 секунд

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.30) хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал, КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88, хүний хөгжлийн бодлого 78.5, эдийн засгийн бодлого 70.9, засаглалын бодлого 76.6, ногоон хөгжлийн бодлого 65, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн тус тус хэрэгжилттэй байна гэж байлаа.

Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд есөн зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт болон холбогдох яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Г.Ганболд, Т.Энхтүвшин, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хог хаягдлыг боловсруулах асуудлын биелэлтийн талаар тодруулж байлаа. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирсон төмс, хүнсний ногооны тариалалт эрхлэгчдийн 600 сая орчим төгрөгийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй шалтгаан болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирсон хүнсний ногоочдын нөхөн төлбөрийн 588.9 сая төгрөгийн асуудлыг Гамшгийн тухай хуулийнхаа дагуу журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Шадар сайдын бүрэн эрхийн хүрээнд энэ асуудал шийдвэрлэгдэхийг тодотгохын зэрэгцээ Засгийн газраас төмс, хүнсний ногоо эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дотооддоо хангаж чадахгүй байгаа хүнсний ногооны ил тарималын 6, хүлэмжийн ногооны 4 төрөлд хүнсний үйлдвэрлэлд тушаасан байдлаар нь шаардлага хангасан хүнсэн дээр урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Мөн хаврын тариалалтын зээлийн хүрээнд хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулж тусгайд нь 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон гэв.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хариултдаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хог хаягдлын түр агуулах цэгийг 21 аймагт байгуулах зорилтын хүрээнд 2021 онд зургаа, 2022 онд дөрвөн аймагт түр хадгалах цэг байгуулахыг тодотгов. Мөн тэрбээр, 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиар хог хаягдлын менежментийг орон нутагт нь хариуцуулахаар болсон. Мөн уг хуультай холбогдуулан салбарын яамны зүгээс 14 журам, стандартыг баталсан гэв. Түүнчлэн улсын хэмжээнд жилдээ 4.5 сая тонн хог гарч байгаагаас ердөө 194 мянган тонныг л дахин ашиглаж байгаа бөгөөд үүн дээр үндэслэн аймгуудад хогийг дахин ашиглах, эрэлтийг бий болгох талаар үүрэг чиглэл өгөөд байна. Мөн хог хаягдлын тухайд хамгийн дэвшилтэд технологи буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх загвар төслийг хэрэгжүүлж байна хэмээн хариулж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээх зорилт тавьсан бөгөөд 2021 онд нийт 2123 га талбайд техникийн, 682 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна гэсэн тайлбарыг өгсөн. Мөн өнгөрсөн жил агаарын чанарыг сайжруулах зорилгоор агаарын чанарын хяналтын бүс дэх гэр хорооллын айл өрхөд шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлтийн 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Нийслэлийн Налайх дүүрэг, Шар хадны орчимд агаарын чанарын хяналтын суурин автомат харуулыг шинээр суурилуулсан. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын 195,998 айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангасан төдийгүй нийт 182 нам даралтын зуухнуудын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу тавдугаар сарын 15-наас бүрэн зогсоох, технологийг өөрчлөх шаардлагуудыг тавин ажиллаж байна хэмээн хариулж байлаа.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Киргизийн жимсний модыг Эрдэнэт хотод суулгах төслийг эхлүүллээ
Киргизийн жимсний модыг Эрдэнэт хотод суулгах төслийг эхлүүллээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.