Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Шатахуун импортлогч компаниуд биш жолооч нар өөрсдөө бензиний хомсдол бий болгож байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

Сүүлийн өдрүүдэд бензиний хомсдол үүсэхээс сэргийлж буй гэх шалтгаанаар шатахуун түгээх клонкууд АИ-92 бензинийг хязгаарлалттай олгож байна. Харин бензиний хомсдолд орж магадгүй талаар сонссон иргэд бензин нөөцлөхөөр ШТС-уудад ачаалал үүсгээд байгаа билээ.

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас "Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй" хэмээн мэдээлсэн хэдий ч бодит байдал дээр бензин хайсан жолооч нар олон байна.

Тиймээс бид Дарь эх орчмын ШТС-уудаар нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. ШТС-уудын зүгээс "Бензин өглөөдөө ирээд дуусаж байна. Хомсдлыг бид биш иргэд үүсгэж байна" гэх мэдээллийг өглөө.

Харин жолооч нараас нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад "Хомсдолтой байна. Хотын төвөөр бензинтэй клонк алга. Хотын захаар байж магад гэж бодоод Дарь эхээс ирж бензин авч байгаа минь энэ. Гэтэл энгийн АИ-92 алга. Евро АИ-92 л байна гэнэ. Арай үнэтэй л юм. Гэхдээ авахаас өөр арга алга" гэв.

Жолооч, иргэн Г.Гэрэлтуяа "Клонкуудаар АИ-92, АИ-95 бензин дууссан, дизель түлш л байгаа гэж байна. Би өчигдөр Зүүнхараагаас ирсэн. Зүүнхараад шатахуун байхад Улаанбаатарт байхгүй нь сонин байна" гэсэн юм.

Иргэн Х.Отгонбаяр "Бензин худалдахгүй байгаад нь гайхаж байна. Уг нь цаанаас ирж байгаа импорт нь хэвийн байгаа гэсэн шүү дээ. Уржигдар бензин хайгаад олоогүй. Өчигдөр явж явж 20,000 төгрөгөөр балга шатахуун авсан. Өнөөдөр мөн л хайгаад явж байна" гэлээ.

Сансарын тойргийн баруун талд байрлах "Петровис" ШТС-аас бензин борлуулахгүй байгаа шалтгааныг тодруулахад, "Манайд сүлжээний асуудал гарсан учраас бид тохиргоо хийгээд одоогийн байдлаар түгээлт хийхгүй байна. Бусад салбаруудыг бид мэдэхгүй. Энд бензиний үлдэгдэл хэвийн байгаа. Сүлжээний асуудлаа янзлаад эргээд хэвийн горимоор ажиллана" гэв.

Энгийн АИ-92 бензин хомсдсон гэх мөртлөө Евро АИ-92 байгаа нь үнэтэй шатахуунаа тулгаж буй үйлдэл хэмээн жолооч нар хэлж байв. Албаны зүгээс шатахуун хомсдолд ороогүй хэмээн мэдээлж байгаа ч бодит байдал дээр жолооч нар шатахуун хайж клонкуудын "үүд мөргөсөөр" үлдсэн балга бензинээ урсгаад дууслаа.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Бурууд бууж өгөхгүй, даваад гарна
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Бурууд бууж өгөхгүй, даваад гарна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.