Сүүлийн үед бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гарч байгаа. Тэгвэл бага насны хүүхэд яагаад хэрэгт холбогдоод байгаа талаар эцэг эхчүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Хүүхэд “АЙХ АЙДАС”-гүй болсон болохоор гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн байх
Хамгийн чухал нь хүмүүжил. Биднийг бага байхад таван салаагаар л /зодох/ эцэг эх маань хүмүүжүүлж байсан. Хүүхэд сургууль дээрээ бүрэн хүмүүжнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл одоо хүн бүр эрх чөлөөтэй болчихсон болохоор хүүхдэдээ эцэг эх нь гар хүрч чадахгүй болчихсон. Хэрэв гар хүрэх, эсвэл загнаж зандарвал 108 дугаар руугаа залгаад өгчихнө. Одоогийн энэ хүүхэд хүмүүжүүлж байгаа арга бол гадаадын соёл шүү дээ.
Мөн дээр нь хүүхдийн эрх гэдэгт, хүүхдээ эрхлүүлж болно, гар хүрч болохгүй, хэлж болно, зандарч болохгүй гэсэн ойлголт багтдаг болчихсон байна. Хүүхэд хүний үг сонсож сураагүй, дааж сураагүйн улмаас ч гэмт хэрэгт холбогдоод байгааг үгүйсгэхгүй. Мөн бага насны хүүхэд онц ноцтой гэмт хэрэг үйлдэхэд үйлчлэх хуулийн заалт ч байхгүй шүү дээ. Гэтэл хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдчихсэн, айх айдасгүй болчихсон хүүхдүүд юу ч хийж болох юм байна гэсэн бодолтой байж болох. Хуулиас биш юм аа гэхэд ядаж л хэн нэгнээс айж эмээдэг, багахан ч гэсэн айдсын хэлтэрхийтэй байвал гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой шүү дээ.
Хүүхдийг Монгол соёл бүхий “УЛАМЖЛАЛТ КОНТЕНТООР” төлөвшүүлэх хэрэгтэй
Гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь их байдаг байх. Бага насны хүүхдийн гэмт хэргийг бууруулахын тулд Монгол ёс заншил, соёл уламжлал, ахуй соёл, үнэт өв гээд эдгээрийг бүгдийг нь шингээсэн контент хийх хэрэгтэй юм шиг миний хувьд санагддаг. Хэрэв энэ төрлийн контентуудыг хийвэл хүүхэд үүнийгээ үзээд уламжлалт аргаараа төлөвшиж болно шүү дээ. Одоо хүүхдүүдийн тоглож байгаа тоглоом, үзэж байгаа кино гээд бүгд хар бараан, аллага харуулсан байдаг. Ийм учир үзэж байгаа зүйлээсээ ч мөн суралцаж байдаг байх гэж бодож байна.
Эцэг эхийн “ХАРАА ХЯНАЛТ” маш муу байна
Хамгийн түрүүнд гэр бүл нь хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байна. Энэ нь мэдээж эцэг эхийн хараа хяналт муу байгаагийн шинж. Дээр нь одооны хүүхдүүдийн үзэж байгаа, сонсож байгаа зүйл нь юу билээ. Бүгд ухаалаг утастай болчихсон. Хүссэн зүйлээ интернэтээс хайгаад үзчих боломжтой болчихсон. Саяхан болсон 11 настай хүүхдийн хэрэг бол яг л зурагт, компьютер, тоглоом эдгээрээс үүдсэн байх гэж бодож байна.
“АМЬДРАЛЫН ТӨВШИН” нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлдөг байх
Хүүхдийн эрх их зөрчигдөх болсон шүү дээ. Тиймээс гэр бүлийн амьдралын төвшин, эцэг эхийн хайхармжгүй үйлдлээс болоод хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь элбэг байгаа байх. Эцэг эх нь архины хамааралтай эсвэл, хүүхдэдээ удаа дараа хүчирхийлэл үйлддэг бол хүүхэд ч мөн ээж аавынхаа зан араншинг дуурайж төлөвшиж байгаа шүү дээ. Энэ мэт асуудлууд л хүүхдийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болдог байх. Бусад маш олон шалтгаан ч бас бий.