Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
20 минут 42 секунд

Гэмт хэргийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Гэтэл сүүлийн үед бидний ирээдүй хойч болсон бяцхан үрс маань өөрсдөө гэмт хэрэг үйлдэг, холбогдох тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа нийгмийн стресс, бухимдал ихтэй энэ цаг үед үр хүүхдүүддээ тавих бидний хараа хяналт, тэдэндээ зориулах цаг хугацаа дэндүү хомсхон байна. Мөн гэр бүлийн хайхрамжгүй байдал, гэр бүл салалт зэргээс шалтгаалж бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар 296 насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдоод байна. Харамсалтай нь тэдний үйлдэж буй гэмт хэрэг нь ноцтой гэх ангилал руу алхам, алхмаар ойртсоор байгаа юм. Тиймээс манай сайт ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалж, ирээдүй нь хэрхэн гэрэлтүүлэх талаар дараах сэдвийг хөндөж буй юм. Бид хуулийн зохицуулалт, сэтгэл зүй, төрийн байгууллага, эцэг эхчүүд гэх зэрэг эх сурвалжуудын хүрээнд "Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх" талаарх асуудлыг хөндлөө.

“Амиа хорлолт, гэмт хэргийг нарийвчлан мэдээлэх нь аль ч насны хүнийг сэдэлжүүлдэг”

Үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөж, инээж хөөцөлдөн тоглох насан дээрээ хүүхдүүд гэмт хэрэгт “хөл алдах” тохиолдол их гарах боллоо. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналтаас гадна хэрэглээ талаас үзэж харж буй зүйлс нь нөлөөлж байна хэмээх байр суурийг эцэг, эхчүүд илэрхийлсээр буй. Тэгвэл хүүхдийн сэтгэл зүй, нөлөөлөгч хүчин зүйлс болон сэтгэцийн эрүүл мэнд талаас учирч болох аливаа эрсдээс хэрхэн сэргийлэх талаар СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиник эмч Х.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох болсныг иргэд үзэж, харж буй зүйлстэй нь холбоотой гэх байдлаар тайлбарлаж байна. Одоогийн нөхцөлд үзэж буй кино, контент зэрэг нь шууд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх боломжтой юу?

-Хүүхдийн дэлгэцийн хэрэглээ нас насны онцлогт тохирсон байх шаардлагатай. Тэр тусмаа телевиз, олон нийтийн сувгаар гарч буй нэвтрүүлэг, кино контент тэр байтугай хүүхэлдэйн кинонууд хүртэл нас насны ангилалтай байдаг. Тодорхой насанд нь тохирсон контентийг үзүүлэх шаардлагатай. Дэлгэцийн хэрэглээ хэтэрсэнтэй холбоотойгоор ямар нэгэн фантааз агуулгатай тоглоомууд нь хүүхдэд шууд байдлаар нөлөөлж, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байна гэж хэлэхэд хэцүү. Мэдээж тодорхой хэмжээнд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Гэхдээ энэ байдлаас шалтгаалж гэмт хэрэгтэн болж байна гэсэн ойлголт биш. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны ангилалд тохирсон зүйлүүдийг л үзүүлэх шаардлагатай.

Жишээлбэл, 6-аас дээш насны хүүхэд танин мэдэхүйн зорилгоор контентийг үзэж байх шаардлагатай. Тэрнээс биш телевизээр үзэж харж байгаа зүйлс нь хүүхдийн сэтгэл зүйд шууд нөлөөлж, энэ нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байгаа гэж хэлэх боломжгүй.

-Хүүхдийн сэтгэцэд дэлгэцийн хэрэглээ, өөрчлөлтөөс гадна өөр ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Хүүхдийн сэтгэл зүйд нийгмийн бүхий л хүчин зүйлс нөлөөлж байдаг. Сургууль, гэр бүл, найз нөхөд, хүрээллээс гадна үзэж харж байгаа зүйлүүд нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тухайлбал, хүүхэд хаанаас яаж мэдээлэл авч, хэн хэнтэй, яаж харьцаж байна гэх мэт. Энэ нь сайн, муу аль ч талаараа нөлөөлж болно. Түүнээс биш хүүхдийн сэтгэл зүйд нийгэм дангаараа муугаар нөлөөлж байна гэж хэлэхэд хэцүү.

-Насанд хүрэхээс өмнөх хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, онцлогийн талаар товч ойлголтыг бидэнд өгөхгүй юу?

-Хүүхэд 0-2 насандаа ээнэгшил олж, дасан зохицох шаардлагатай үе юм... /Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу/

ГБХЗХГ: Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, "Энэхүү үйл явдалтай холбоотой зарим нарийн мэдээллийг өгөх боломжгүй юм. Тухайн хүүхдүүдийн ар гэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэх боломжгүй. Энэ нь хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал болон нэр төртэй нь холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэгтэй.

Залуучуудын дунд архи, согтууруулах ундаа хэрэглэх, хүүхдэдээ анхаарал хандуулахгүй байснаар хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй"

Хуульч П.Эрхэмбаяр: 11 настай хүүхдийн хэрэг бол эрүүгийн хууль тогтоомж хоцрогдолд орсны тод жишээ

-Монгол Улсын Эрүүгийн хуульд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг хэрэг хүлээх чадвартай гэж үзсэн байдаг. Энэ заалт нь манай улсын хууль эрхзүйн орчинд хэр нийцэж байна?

-Насны хязгаар болон бие бялдарын онцлог, хүүхдийн сэтгэлзүйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон уг хуулийг боловсруулсан байдаг. Угтаа хууль гэдэг бол нийгмийн харилцаа, одоогийн нөхцөл байдлаас 10 жилийн урдахыг харж, байнга түрүүлж явах шаардлагатай. Тиймээс уг хуулийг эргэн харах шаардлага үүсч байна гэж хэлж болохоор байна.

Жишээлбэл, 1997-1998 оны үед булш ухах гэмт хэрэг гарч эхэлсэн. Түүнээс өмнө Монголчууд бурхан болоочийнхоо булшийг ухаж, сэндийчдэггүй байсан. Гэтэл 1990 оноос хойш ардчилсан хувьсгал ялж, хүн бүр эрх чөлөөтэй болсоноос үүдэн, хард рокууд булшин дотор орж, зургаа авахуулахаас эхлээд хэд хэдэн өөр шинэ харилцаанууд бий болсон байдаг. Үүнээс үүдэн 2002 онд Эрүүгийн хуульд булш сүйтгэх гэмт хэрэгтэй холбоотой болон бусад харилцааг зайлшгүй хуульчилаад, эрүүгийн хариуцлага оногдуулдаг болсон.

-Хамгийн сүүлд 11 настай хүүхэд бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэ жишээн дээр дурьдвал 11 настай хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж одоогоор бий юу?

-Уг гэмт хэрэг бол манай эрүүгийн хууль тогтоомж хоцрогдолд орсны тод жишээ. Бие физологи, сэтгэхүйн хувьд 11 настай хүүхэд хүн алах гэдэг зүйлийг ойлгоод, хүний биед хохирол учруулах хэмжээнд хүрчихсэн байна.

Манай улсын хувьд 0-13 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж үздэг. Яагаад гэвэл бага насны хүүхэд өөрөө бие дааж, хэрэг хариуцах чадваргүйн дээр нь эцэг эх, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад байдаг. Эрүүгийн хуулийн 6.2.1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг ч мөн зааж өгсөн байдаг. Тухайлбал, мөн хуулийн 6.2.2-т “Арван дөрвөөс арван зургаа хүртэлх насны хүүхэд бие физологийнхоо хувьд, хүсэл эрмэлзлэлийнхээ хувьд юуг ойлгож, юуг ойлгохгүй байна гэдгийг харгалзан үзээд энэ насны хүүхэд /Хүн алах, хүчиндэх, хулгай хийх, дээрэмдэх/ гэдэг зүйлд тохируулан хариуцлага хүлээлгэдэг.

Иймээс одоогоор манай улсад 11 настай хүүхдэд ямар нэг хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй. Үүнээс харахад Монгол Улсын хууль тогтоомжид нэг хийдэл гарчихаад байгаа юм. Энд бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болоосой гэсэн зүйл огт байхгүй. Харин хуулиа эргэн харах шаардлага үүссэн гэдгийг харж болох юм... /Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу/

"Хүүхэдтэйгээ харилцдаггүй, ярилцдаггүй байдал нь гэмт хэрэг үйлдэх эрсдэлд оруулж байгааг ухамсарладаггүй"

Сүүлийн үед хүүхэд холбогдон шалгагдах гэмт хэргүүд шил шилээ даран гарах боллоо. Үүнтэй холбогдуулан насанд хүрээгүй хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт хэр байгаа талаар ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас тодрууллаа.

-Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн гаралт хэр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2021 оны эхний долоон сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 296 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 хэргээр буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Дээрх 296 гэмт хэрэгт нийт 343 хүүхэд холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 буюу 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан нь дүн мэдээнээс ажиглагдаж байгаа.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэж, холбогдох нь элбэг байна вэ?

-Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн дийлэнхийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг эхний долоон сарын байдлаар 79 бүртгэгдсэн. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан байгаа юм.

Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэлээдгүй их бүртгэгддэг. Тэр дундаа /энэ оны эхний 7 сарын байдлаар/ хулгайлах хэрэг 73, залилах 4, дээрэмдэх гэмт хэрэг 90 бүртгэгдсэн. Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 11.3 дахин өссөн.

-Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг насны төвшингөөр авч үзвэл ямар үзүүлэлттэй байгаа вэ. Ер нь эмэгтэй хүүхдүүд хэр их холбогддог талаар мэдээлэл өгөөч. Мөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол гараад байх шиг байна?

-Насанд хүрээгүй холбогдогчдын 23 буюу 6.7 хувь нь эмэгтэй бол үлдсэн 93.3 хувь нь эрэгтэй хүүхдүүд үйлдсэн байдаг. Харин насны төвшингөөр нь авч үзвэл, 16-17 насны эрэгтэй 214, эмэгтэй 17, 15 хүртэлх насны эрэгтэй 106, эмэгтэй 6 гэсэн үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн 254 буюу 85.8 хувь нь хөнгөн, 142 буюу 42.2 хувь нь хүнд гэмт хэрэг эзэлсэн. Үүнээс 72 хувь нь нийслэлд, 18 хувь нь орон нутагт бүртгэгдсэн.

-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа нь олон нийтийн санааг зовоосон асуудлын нэг болж байна. Ер нь хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх болсон цаад шалтгаан, нөхцөл нь юунаас хамаарч байна гэж үзэх вэ?

-Хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн цаад шалтгаанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна... /Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу/

Бидний ирээдүй архины бараан сүүдэрт "хүмүүжиж" байна

Гэр хорооллын саарал гудамжууд эмх замбараагүй ярайж, нохдын боргох дуу сэтгэл сэглэх шиг тавгүйтүүлэн, согтуу аавыгаа хормойдож зогсоо алаг үрсийн зураглалыг алсаас харж зогсоно гэдэг даан ч бэрх. Энэ л нийгмийн хар бараан дүр зургаас өнчин хүний хоолой, согтуу эцэгтээ хүчирхийлүүлсэн амь тавиж буй охины хоолой, “архины мөнгө олж ирэхгүй бол ална шүү чамайг" гэх захирангуй дуун, гөлөмцүү ээждээ занчуулсан хүүгийн нулимс энгэрээ нэвтэлж чадахгүй чичирхийлж байгаа нь өнөөдрийн манай нийгмийн бодит байдал.

Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний долоон сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 296 бүртгэгдсэн байна

Жишээ татахад Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний долоон сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 296 бүртгэгдсэн байна. Гэтэл энэ хүүхдүүд хүрээлж байгаа гэр бүл, найз нөхөд, мөн ойр дотны хэн нэгний ямар нэг нөлөөнд автах нь их. Энэ байдлаас улбаалан тухайн орчны таагүй нөлөө, архи дарс, мансуурах, донтох, амархан өдөөгдөж сөрөг зан төлөвтэй болох, гэмт хэрэг үйлдэх, өртөх шалтгаан болж байдгийг хэн бүхэн мэднэ. Наймдугаар сарын 07-ны бямба гарагийн орой л гэхэд 11 настай хүүхэд 13 настай охины биед мэсээр халдаж амь насыг нь бүрэлгэсэн. Мөн долоон настай дүүг нь мэсээр хүнд гэмтээсэн хэрэг гарлаа. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор хутгалуулж амиа алдсан 13 настай охины ах ergelt.mn сайтад өгсөн ярилцлагандаа, “Хохирогч хүүхдүүд маш хэцүү нөхцөлд амьдардаг байсан. Хохирогч хүүхдүүдийн ээж нь архины хамааралтай учир тэднийг анхаарч, асардаггүй байсан” гэдэг үгийг хэлсэн байдаг. Тэгвэл олон нийт бага насны хүүхдийн онц ноцтой гэмт хэрэг, хэдэн удаа хутгалж амь насыг нь хохироосон, хэрэг болсон газар гэх мэт сенсааци хөөсөн мэдээлэлд автаж асуудлын гүнийг хэн ч ухахыг хүссэнгүй бололтой. Гэтэл асуудлын уг үндэс нь өнөөх архидалт, гэр бүл салалт, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадаагүй томчуудтай холбогдож байна. Манай нийгэмд архидалт ямар хэмжээнд байгааг, ямар үр дагаварт хүргэж байгааг харж болно. Гэр бүлийн харилцаа ариун нандин байх хэрэгтэй биш гэж үү. Гэтэл архины хамааралтай аав ээжийн золиос нь гэнэн цагаан хүүхдүүд болж байгаа нь эмгэнэлтэй... /Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу/

БАЙР СУУРЬ: ХҮҮХЭД “АЙХ АЙДАС”-ГҮЙ БОЛСОН БОЛОХООР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ НЬ ИХЭССЭН

Сүүлийн үед бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гарч байгаа. Тэгвэл бага насны хүүхэд яагаад хэрэгт холбогдоод байга талаар эцэг эхчүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Хүүхэд “АЙХ АЙДАС”-гүй болсон болохоор гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн байх

Хамгийн чухал нь хүмүүжил. Биднийг бага байхад таван салаагаар л /зодох/ эцэг эх маань хүмүүжүүлж байсан. Хүүхэд сургууль дээрээ бүрэн хүмүүжнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Гэтэл одоо хүн бүр эрх чөлөөтэй болчихсон болохоор хүүхдэдээ эцэг эх нь гар хүрч чадахгүй болчихсон. Хэрэв гар хүрэх, эсвэл загнаж зандарвал 108 дугаар руугаа залгаад өгчихнө. Одоогийн энэ хүүхэд хүмүүжүүлж байгаа арга бол гадаадын соёл шүү дээ.

Мөн дээр нь хүүхдийн эрх гэдэгт, хүүхдээ эрхлүүлж болно, гар хүрч болохгүй, хэлж болно, зандарч болохгүй гэсэн ойлголт багтдаг болчихсон байна. Хүүхэд хүний үг сонсож сураагүй, дааж сураагүйн улмаас ч гэмт хэрэгт холбогдоод байгааг үгүйсгэхгүй. Мөн бага насны хүүхэд онц ноцтой гэмт хэрэг үйлдэхэд үйлчлэх хуулийн заалт ч байхгүй шүү дээ. Гэтэл хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдчихсэн, айх айдасгүй болчихсон хүүхдүүд юу ч хийж болох юм байна гэсэн бодолтой байж болох. Хуулиас биш юм аа гэхэд ядаж л хэн нэгнээс айж эмээдэг, багахан ч гэсэн айдсын хэлтэрхийтэй байвал гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой шүү дээ.

Хүүхдийг Монгол соёл бүхий “УЛАМЖЛАЛТ КОНТЕНТООР” төлөвшүүлэх хэрэгтэй

Гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь их байдаг байх. Бага насны хүүхдийн гэмт хэргийг бууруулахын тулд Монгол ёс заншил, соёл уламжлал, ахуй соёл, үнэт өв гээд эдгээрийг бүгдийг нь шингээсэн контент хийх хэрэгтэй юм шиг миний хувьд санагддаг. Хэрэв энэ төрлийн контентуудыг хийвэл хүүхэд үүнийгээ үзээд уламжлалт аргаараа төлөвшиж болно шүү дээ. Одоо хүүхдүүдийн тоглож байгаа тоглоом, үзэж байгаа кино гээд бүгд хар бараан, аллага харуулсан байдаг. Ийм учир үзэж байгаа зүйлээсээ ч мөн суралцаж байдаг байх гэж бодож байна.

Эцэг эхийн “ХАРАА ХЯНАЛТ” маш муу байна

Хамгийн түрүүнд гэр бүл нь хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байна. Энэ нь мэдээж эцэг эхийн хараа хяналт муу байгаагийн шинж. Дээр нь одооны хүүхдүүдийн үзэж байгаа, сонсож байгаа зүйл нь юу билээ. Бүгд ухаалаг утастай болчихсон. Хүссэн зүйлээ интернэтээс хайгаад үзчих боломжтой болчихсон. Саяхан болсон 11 настай хүүхдийн хэрэг бол яг л зурагт, компьютер, тоглоом эдгээрээс үүдсэн байх гэж бодож байна.

“АМЬДРАЛЫН ТӨВШИН” нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлдөг байх

Хүүхдийн эрх их зөрчигдөх болсон шүү дээ. Тиймээс гэр бүлийн амьдралын төвшин, эцэг эхийн хайхармжгүй үйлдлээс болоод хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь элбэг байгаа байх. Эцэг эх нь архины хамааралтай эсвэл, хүүхдэдээ удаа дараа хүчирхийлэл үйлддэг бол хүүхэд ч мөн ээж аавынхаа зан араншинг дуурайж төлөвшиж байгаа шүү дээ. Энэ мэт асуудлууд л хүүхдийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болдог байх. Бусад маш олон шалтгаан ч бас бий.

СЭТГҮҮЛЧ: Б.Амарбаясгалан, Х.Умаахан, Т.Алтанзагас, Ц.Янжиндулам

ЗУРАГЛААЧ: Г.Цэнд-Аюуш

Дахин нэг иргэн хиймэл нууранд живжээ
Дахин нэг иргэн хиймэл нууранд живжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.