Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг байна.
Улаанбаатар хот орчимд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байгаа аж. Өмнө нь 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ.