Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд машинтайгаа кино үзэх боломжтой болсон талаар цахим сүлжээнд шуугиад амжсан ч өчигдөр ЦЕГ-аас шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгвэл энэ талаар өнөөдөр /2021.07.30/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Galaxy car cinema" эвент нь үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрөлгүй байсан. Мөн иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу болон бөөгнөрөл үүсгэж байна гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоосон. Холбогдох байгууллагаасаа үйл ажиллагааны зөвшөөрлөө аваад, цар тахлын зарчмаа баримтлаад явбал эсэргүүцэх зүйл байхгүй" гэсэн юм.
Харин уг асуудлаар тус эвентийн зохион байгуулагчаас тодруулахад "Өчигдөр ЦЕГ-аас бидэнд шаардлага тавьж, үйл ажиллагаагааг маань цуцлуулсан. Одоогоор бид ЦЕГ-т албан бичиг хүргүүлэх гэж байна. Нэг талаас манай улсын хуульд задгай талбайд үзвэр үйлчилгээ эрхлэх талаар тодорхой заалт байхгүй. Нөгөө талаар хориглох заалт ч байхгүй" гэв.