Иргэн М.Нарантуяа/Нара/, Б.Цэцэг нар өмгөөлөгчдийн хамт мэдээлэл хйилээ.
Иргэн Б.Цэцэг “Энэ үл ойлголцол зөвхөн бидний хувьд биш, нийгэмд үзүүлж буй үлгэр дуурайлал болж бие биенээ уучилж хайрлах, ухаарах том сургамж болох болов уу гэсэн үүднээс энэхүү хурлыг зарлан, сошиал орчинд болж байгаа ташаа ойлголтыг залруулах алхмыг хийж байна.
Бидний хоорондын үл ойлголцол маш олон жил болсон. Гэхдээ бид адилхан өрх толгойсон ээжүүд. Олон эмэгтэйчүүдийн дуу хоолой болж манлайлж яваа Нарантуяагаар би бахархдаг.
Хоорондын минь үл ойлголцол энэ хүрээд дуусаж байгаад би эх хүний хувьд, нийгмийн төлөөлөл болж яваа эмэгтэйн хувьд зөв зүйтэй алхам гэж бодож байна.
Энэ бүх зүйл бид хоёроор ингээд дуусаад өнгөрөөсэй гэж хүсэж байна.
Бид эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүдийн асуудал дээр цаашид зоригтойгоор дуу хоолойгоо нэгтгэж, залуусдаа зөв үлгэр дуурайлал болон ажиллах болно. Нэгэн цагт биднийг "бие биеэ үздэггүй" мэтээр олон хүн ойлгодог байсан. Харин одоо хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бий болгоход тууштай зүтгэх эмэгтэйчүүд байх болно” гэв.
Иргэн М.Нарантуяа “Хэд хоногийн өмнөөс болсон буруу, алдаатай, муйхар үйлдлээс болж хэд хоног гэмшлээ. Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг хоёр эмэгтэй нэг нэгнээ буруу ойлгож, үзэн ядалцаж, хайртай дотны хүмүүсийнх нь сэтгэлийг сэвтээсэндээ чин сэтгэлээсээ уучлалт хүсье.
Хүний үгээр үг хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байна. Зарим хүн “энэ хоёр хүний хэрүүл хэнд хамаатай юм бэ гэж бодож байгаа байх”. Угтаа бол энэ үнэн. Гэхдээ зайлшгүй залруулга хэрэгтэй байгаа учраас мэдээлэл хийж байна. Олон нийтийн өмнө Цэцэгээс уучлалт хүсэж байгаагаа хэлье.
Олон нийтийн сүлжээг аль болох зөв хэрэглэе гэж уриалах гэсэн юм.
Бидэнд хийж бүтээх маш их асуудал байгаа үед биенийгээ хэмлэсэн, гутаан доромжилсон үйлдлээ зогсоох ёстой гэж үзээд өнөөдөр энд ирсэн” гэж хэллээ.
Иргэн М.Нарантуяа, Б.Цэцэг нар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.