
“Манай байранд гал гараад байна. Яаралтай дуудлага өгье, туслаарай. Хархорин хорооллын 55/12 дугаар байр...” Шөнийн 23:00 цаг. Гал түймрийн тухай ийм дуудлага Шуурхай удирдлагын төвд иржээ. Гал гарсан гэх мэдээлэл ирсэн мөчөөс эхлэн дуудлага үнэн, худал эсэхийг таамаглаж суух боломж аврагчдад байхгүй. Мэдээллийг хүлээн авмагц Онцгой байдлын байгууллагын холбогдох анги, алба хаагчдад дамжуулж, гал унтраах бүрэлдэхүүн дуудлагад заасан байршил руу шуурхай хөдөлнө.
Учир нь гал түймрийн үед нэг минут, заримдаа хэдхэн секунд ч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврах эсэхийг шийдэх үнэ цэнтэй. Гэвч аврагчид Хархорин хорооллын 55/12 дугаар байранд очиход гал гараагүй байв. Дуудлага ХУУРАМЧ байжээ.
Нэг хуурамч дуудлагын цаана юу алдагддаг вэ

Онцгой байдал, цагдаа, түргэн тусламжийн байгууллагад ирж буй дуудлага бүрийн цаана тусламж хүлээж байгаа хүн бий.
Тиймээс 101, 102, 103, 105 тусгай дугаарт ирсэн дуудлагыг “үнэн байх”, “худал байх” гэсэн таамгаар ялгаж хүлээж авах боломжгүй. Гал гарсан гэж мэдээлсэн бол гал түймэртэй тэмцэх бүрэлдэхүүн хөдөлнө. Хүн зодуулж байна гэсэн бол цагдаа шалгана. Амь насанд аюултай өвчтөн байна гэсэн бол түргэн тусламжийн баг очно. Гэтэл зарим иргэн, тэр дундаа бага насны хүүхдүүд тусгай дугаар руу тоглоом шоглоомоор залгаж, бодит мэт хуурамч мэдээлэл өгдөг байна.
Хуурамч дуудлага гэдэг зөвхөн утасны цаанаас хийсэн тоглоом биш. Дуудлагыг бодит гэж үзэн ажиллаж байгаа байгууллагын хүн хүч, автомашин, шатахуун, цаг хугацаа зарцуулагдана. Үүнээс ч ноцтой нь яг тэр хугацаанд бодит аюулд орсон өөр нэг иргэнд хүрэх тусламж удаашрах эрсдэл үүсдэг.
Цагдаагийн 102, түргэн тусламжийн 103, Онцгой байдлын 101, 105 тусгай дугаарт хоногт нийтдээ 7500-аас дээш дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна. Энэ их урсгал дунд тоглоом шоглоомоор залгах, шаардлагагүй шалтгаанаар шугам эзлэх, дуудлага өгөөд таслах зэрэг тохиолдол цөөнгүй гардаг аж.Тухайлбал, хоногт дунджаар 20 орчим тоглосон болон хуурамч дуудлага бүртгэгддэг бөгөөд тэдгээрийн 50 орчим хувийг хүүхдүүд үйлддэг байна.
Үүний нэг жишээ есдүгээр сарын 14-ний шөнө гарчээ. Сонгинохайрхан дүүргийн Хархорин хорооллын 55/12 дугаар байрны 5 давхарт гал гарсан гэх дуудлага 23:00 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид гал түймэр гарсан нөхцөлд ажиллах бэлтгэлтэйгээр тухайн байранд очжээ. Гэвч шалгалтаар гал түймэр гараагүй, дуудлага хуурамч болох нь тогтоогдсон байна.
Энэ талаар тус байрны СӨХ-ны ажилтан н.Даваадуламаас тодруулахад: “Өчигдөр 23:00 цагийн үед Онцгой байдлын алба хаагчид манай байранд ирээд ‘гал гарлаа гэсэн дуудлага ирсэн’ гээд ажиллагаа явуулахад бэлэн байсан. Гэтэл манай байранд гал гараагүй. Галын мэдрэгчүүд ч хэвийн ажиллаж байсан. Алба хаагчид шалгаж үзээд хуурамч дуудлага болохыг тогтоосон. Дуудлага өгсөн дугаар руу нь залгахад утсаа аваагүй гэсэн. Энэ хуурамч дуудлагаас болж оршин суугчид тодорхой хугацаанд сандарч, амар тайван байдал нь алдагдсан.
Манай байранд өмнө нь галын хуурамч дуудлага өгч байсан тохиолдол гараагүй. Харин цагдаагийн байгууллагад хандсан хуурамч дуудлага хэд хэд гарч байсан. Ийм дуудлага өгч байгаа хүмүүсийг олж тогтоон арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэдэд ч, алба хаагчдад ч хүндрэл учруулж байна” гэв.
Эндээс хуурамч дуудлагын хор уршиг зөвхөн тусгай албаны шатахуун, цаг хугацаагаар хэмжигдэхгүй нь харагдана. Шөнийн цагаар “танай байранд гал гарсан” гэсэн мэдээлэл тархахад олон айлын хүүхэд, өндөр настан, оршин суугчид сандарч, бодит аюул нүүрлэсэн мэт нөхцөл үүсдэг.
Ц.Чинзориг: Нэгдүгээр хороолол, Москва хороолол, Орчлон хороололд гал гарч байна гэж бодит мэт ярьж хуурамч дуудлага өгдөг

Хуурамч болон тоглосон дуудлага 101, 105 тусгай дугаарт хэр хэмжээгээр ирдэг талаар Шуурхай удирдлагын хэлтсийн 101, 105-ын Ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Ц.Чинзориг мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр 2026 он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагын тусгай дугаарт **6000 гаруй тоглосон дуудлага иржээ.
“Хуурамч болон тоглосон дуудлагын тоо өдөр бүр харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн бага насны хүүхэд гэртээ хараа хяналтгүй үлдэх, уйдсан үедээ тусгай дугаар руу залгаж тоглох тохиолдол гардаг. Заримдаа бага насны, учраа сайн мэдэхгүй хүүхдэд асран хамгаалагч нь гар утсаа өгч тоглуулснаас санаандгүйгээр тусгай дугаар руу залгах асуудал ч бий. Энэ бүхэн шугамын ачааллыг нэмэгдүүлдэг. Үүний улмаас дуудлагыг нь авах ёстой, тусламж үнэхээр шаардлагатай байгаа хүмүүст хүрэх үйлчилгээ удаашрах эрсдэл үүсдэг” гэв.
Гэхдээ бүх хуурамч дуудлага хүүхдийн санамсаргүй үйлдэл биш аж. Ц.Чинзоригийн хэлснээр гал түймэр гарсан мэтээр зориуд бодитой ярьж, удаа дараа хуурамч мэдээлэл өгдөг хүмүүс ч байдаг байна. “Хуурамч дуудлага, мэдээлэл өгдөг хэд хэдэн хүн бий. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороолол, Москва хороолол, Орчлон хороололд гал гарч байна гэж бодит мэт ярьж дуудлага өгдөг.
Дуудлага ирсэн тэр мөчид үнэн, худлыг нь газар дээр нь очихгүйгээр тогтоох боломжгүй үе бий. Тиймээс бид аль болох хурдан гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг явуулдаг. Харин очсоны дараа хуурамч дуудлага байсан нь мэдэгддэг. Үүнээс болж тухайн байр, хорооллын оршин суугчдын дунд үймээн, сандрал үүсэх тохиолдол хэд хэд гарч байсан” хэмээн Ц.Чинзориг ярив.
Өөрөөр хэлбэл, дуудлага өгсөн нэг хүн утсаа таслаад асуудал дуусаж байгаа мэт боловч нөгөө талд гал унтраах автомашин, алба хаагчид, техник хэрэгсэл бүхэлдээ хөдөлгөөнд орчихсон байдаг.
Г.Содбаяр: Хүүхдүүд "Ах аа, намайг намайг зодоод байна" гээд инээлдэж, утсаа тасалдаг

Хуурамч дуудлагын асуудал зөвхөн Онцгой байдлын 101, 105 дугаараар хязгаарлагдахгүй. Цагдаагийн 102 тусгай дугаарт ч хоногт дунджаар 20 орчим тоглосон, андуурсан болон хуурамч дуудлага ирдэг байна.
Шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, ахлах дэслэгч Г.Содбаяр энэ талаар: “Худал болон тоглосон дуудлагын 50 гаруй хувийг бага насны хүүхдүүд өгдөг. Хүүхдүүд тоглож залгачхаад цаанаа инээлдэж, ‘Ах аа, намайг зодоод байна’ гэж хэлээд утсаа таслах тохиолдол бий. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тусгай дугаарт залгаж, алба хаагчдыг харааж, ёс бус үгээр доромжлох, худал мэдээлэл өгөх тохиолдол ч цөөнгүй гардаг” гэв.
102-ын шугамын нөгөө үзүүрт тоглоомын дуудлага үргэлжилж байх хэдхэн минутын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн, зам тээврийн осолд орсон иргэн, гэмт хэргийн хохирогч эсвэл яаралтай цагдаагийн тусламж шаардлагатай хүн холбогдох гэж оролдож байж болно. Тиймээс “тоглоод ганц залгасан” үйлдэл нь тусгай албаны хувьд энгийн тоглоом биш гэдгийг Г.Содбаяр онцолж байлаа. “Энэ хугацаанд тусламж хэрэгтэй олон иргэн хүлээж байдаг. Тусламж удааширснаар хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх нөхцөл ч үүсэж болзошгүй” гэв.
103: Хуурамч дуудлагын цаана төрөх эх, цус алдаж буй өвчтөн хүлээж байж болно

Түргэн тусламжийн 103 дугаарт хоногт 2000 гаруй дуудлага ирдэг байна. Эдгээрийн дунд хуурамч, тоглосон болон яаралтай тусламж шаардахгүй дуудлага мөн бүртгэгддэг. Харин өмнөх онуудтай харьцуулахад хуурамч дуудлагын тоо буурах хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Үүнд эцэг эхчүүд, сургууль, цэцэрлэгийн орчинд тусгай дугаарын зөв хэрэглээний талаар санамж, мэдээлэл тогтмол хүргэсэн нь нөлөөлжээ.
Шуурхай удирдлагын 103 хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад М.Пүрэвдулам: “Хуурамч дуудлага өгснөөр бусад яаралтай дуудлага удаашрах нь хамгийн том эрсдэл. Жишээлбэл, төрөх эхийн дуудлага, осол гэмтэл, цус алдалт зэрэг нэн яаралтай тусламж шаардсан дуудлагад хүрэх хугацаанд нөлөөлж болно. Магадгүй нэг хүүхэд утсаар тоглож тусгай дугаар руу залгаж байх тэр мөчид хаа нэгтээ цус алдаж байгаа хүнд анхны тусламж шаардлагатай байж болно. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, тусгай дугаарын утсаар тоглуулахгүй байх хэрэгтэй.
Мөн насанд хүрэгчдэд хандаж хэлэхэд нэн яаралтай биш, тухайлбал халуурах, хатги гарах, гүйлгэх зэрэг тохиолдолд боломжтой бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандаж, 103-ын шугамыг нэн яаралтай тусламж шаардлагатай иргэдэд чөлөөтэй байлгахыг уриалж байна” гэв.
Хуурамч дуудлага ТОГЛООМ БИШ- ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАТАЙ

Тусгай дугаар руу зориудаар хуурамч дуудлага өгөх нь хэн нэгнийг түр зуур сандаргаад өнгөрөх үйлдэл биш. Хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Онцгой байдлын байгууллагаас нийтэлсэн албан мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн **15.9 дүгээр зүйл — “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх”** зохицуулалтыг тайлбарлахдаа гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох** зохицуулалттайг мэдээлсэн байдаг.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд хуурамч дуудлагын улмаас гарсан зардлыг нөхөн төлөх үүргийг тусгасан байдаг. Тиймээс “гал гарлаа” гэж худал мэдээлээд гал унтраах бүрэлдэхүүн хөдөлгөсөн бол асуудал зөвхөн утасны дуудлагаар дуусахгүй. Төрийн тусгай албаны хүч хэрэгсэл, зардал бодитоор гарсан асуудал болж хувирна.
Нэг хуурамч дуудлага Нэг бодит дуудлагын алдсан хугацаа байж болно

Шөнийн 23:00 цагт Хархорин хорооллын 55/12 дугаар байранд гал гарсан гэх мэдээлэл өгсөн хүн утсаа тасалсан байж болно. Гэхдээ дуудлага тэнд дуусаагүй. Мэдээллийг хүлээн авсан ажилтан ажилласан. Гал унтраах анги руу мэдээлэл дамжсан. Аврагчид бэлтгэлээ хангаж, автомашин хөдөлсөн. Тухайн байранд очиж шалгасан. Оршин суугчид сандарсан. Эцэст нь гал байгаагүйг тогтоосон.
Энэ бүх хугацаанд хотын өөр нэг цэгт бодит гал гарсан бол яах вэ?
102-ын шугамыг хүүхэд тоглоомоор эзэлж байх үед хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байсан бол яах вэ?
103-т хуурамч мэдээлэл өгч байх тэр мөчид төрөх эх, осолд орсон хүн, цус алдаж буй өвчтөн холбогдох гэж байсан бол яах вэ?
Тусгай дугаарын цаана утас авч суугаа нэг ажилтан төдий биш. Цагдаа, эмч, аврагч, гал сөнөөгчдийн бүхэл бүтэн шуурхай ажиллагааны тогтолцоо ажиллаж байдаг. Тиймээс хүүхдэдээ 101, 102, 103, 105 дугаар ямар зориулалттайг заахын зэрэгцээ хэзээ залгах ёсгүйг мөн ойлгуулах шаардлагатай байна. Харин насанд хүрэгчдийн хувьд хуурамч мэдээлэл өгөх, согтуугаар залгаж шугам эзлэх, алба хаагчдыг доромжлох нь хэн нэгний амь насанд хүрэх тусламжийн үнэт минут, секундийг булааж байгаагаас ялгаагүй.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!