Ж.Батжаргал: Чуулганы ирц бүрдүүлэхийн тулд бүлгийн гишүүдийн албан томилолтуудыг Пүрэв, Баасан гарагт зогсоох байдлаар бүрэн татаж оролцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 15 секунд

-Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлж, томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсохоор товлогдоод буй. Өнгөрөгч долоо хоногоос эхлэн ирцийн асуудалтай нүүр тулаад буй чуулганы хуралдааныг энэ долоо хоногт хуралдуулах чиглэлд хэрхэн анхаарч буй талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай цөөн хором ярилцлаа-

-Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Гэтэл өнгөрөгч 7 хоногт чуулганы хуралдаанд танай намын 21 гишүүн суусангүй. Улмаар чуулган энэ долоо хоног руу хойшилсон. Ер нь бүлгийн хуралдааны үеэр гишүүдийн зүгээс УИХ-ын даргын асуудал болоод өнгөрөгч долоо хоногийн чуулганы ирц хүрээгүй асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Ер нь УИХ-ын даргын асуудал дээр бүлэг дотроо хэр ойлголцолтой байгаа вэ?

-УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар парламентын үйл ажиллагааны хэм хэмжээ, дүрэм журмыг зохицуулчихсан юм. УИХ-ыг бүрдүүлж байгаа намын бүлгүүд болоод УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан болоод УИХ-ын үндсэн бүтцийн байгууллага болох байнгын, дэд хороо, ажлын хэсгийн хуралдаануудад бүрэн суух үүрэгтэй. Энэ дагуу л асуудлууд нь яригдаад явж байгаа гэж хэлмээр байна.

Бүлэг дотор эв нэгдлийн эсхүл санал бодлын зөрчилдөөн үүсээд асуудлуудаа хүндрүүлээд байгаа зүйл байхгүй. Тодорхой цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад бүлгийн гишүүд дунд гадаад болон дотоод арга хэмжээнүүдэд оролцож байгаа болон эмнэлгийн чөлөөтэй хүмүүс ч байна. Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдааны ирц хүрээгүй өдөр манай намын найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан. Таван гишүүн гадаад арга хэмжээтэй байсан. Жишээлбэл, Эрүүл мэндийн сайд гэхэд БНСУ-ын Эрүүл мэндийн сайдтай салбарын хамтын ажиллагааны хүрээнд гарын үсэг зурах ажилтай явж байсан. Дотоодод л гэхэд бүс нутгуудын ажлын хүрээнд 3-4 гишүүн ажиллаж байсан. Тухайлбал, Замын-Үүдийн хил боомтын нэвтрүүлэх чадвар, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлаар Х.Ганхуяг сайд ажиллаж байсан гэх мэт.

-Та бүлгийн даргын хувьд Пүрэв, Баасан гарагийн чуулганыг хуралдуулах нөхцлийг хангаж ажиллана гэдгээ хэлсэн. Яаж?

-Ирэх Пүрэв, Баасан гарагуудад гадаад, дотоодын томилолтуудаа зогсоож, гишүүдийг чуулганы хуралдаанд бүрэн татаж оролцуулахаар ажиллаж байна. Гишүүддээ ч мэдээллээ бүрэн хүргүүлсэн гэдгийг хэлье.

Нэмээд хэлэхэд, УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчнүүд УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу хуралдаандаа суух ёстой. Тодорхой байр суурийг зөрүү байж болно. Хэлэлцэж буй асуудлууд дээр тухайн цаг үед нь Дэгийн тухай хуулийн дагуу саналуудаа гаргаад, завсарлага авдаг зарчмаараа явах ёстой. Тухайн хэлэлцэж буй асуудал нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзвэл тэрхүү байр сууриа илэрхийлээд, чуулганд орохгүй байх ганцхан эрх зүйн зохицуулалт бий. Бусад бүх тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд суухгүй байх асуудал нь хориотой байхаар хуульчлагдсан байдаг.

-Танай намын нэр бүхий гишүүд эхнээсээ Н.Учралыг ажлаа өгөөд Ерөнхий сайдаа хийх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн байсан. Үүнийгээ бүлэг дээр илэрхийлсэн зүйл байгаа юу?

-Бүлэг дээр ийм байр суурь илэрхийлсэн гишүүн байхгүй. Ардчиллын хамгийн том үнэт зүйл бол асуудлыг тал бүрээс ярьдаг олон ургалч үзэл дээр тулгуурладаг. Хэлэлцэж буй зүйлүүдээ олонхоороо шийддэг, олонхоороо шийдсэн бол тэр шийдвэрээ дагадаг. Ийм л соёл бий. Энэ нь манай намын бүлгийн дүрэм хийгээд дэгэнд тов тодорхой суусан байгаа. Энэ утгаараа бид бүх гишүүддээ мэдээлэл юмсаа өгч байна. Тодорхой хүчин зүйлээс шалтгаалж хэлэлцэх асуудалд оролцохгүй гэвэл тухайн гишүүн дээр олонхын шийдвэрийг дагах тухай асуудлыг ярих болно.

-АН-ын тавьж буй шаардлагыг хэлэлцэж буй асуудалтай холбоотой гэхээс илүүтэйгээр парламентын үйл ажиллагааг хууль ёсны явуулахад чиглэсэн шаардлага гэж харах хүмүүс байгаа шүү дээ?

-Бид чинь Үндсэн хуультай эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаа парламентын засаглалтай улс орон. Тиймээс өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор намын дарга УИХ-ын дарга хийхгүй гэсэн хориглолт, хязгаарлалт байхгүй. Өмнө нь ийм үйл явц Монголд байсан. Ард түмний сонголт аль нэг дээр нь олонх болоогүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал байгаа юм. 2004 онд ийм тохиолдол үүсэж л байсан. Аль нь олонх болоогүй. Хамтарч ЗГ байгуулж байсан. Нэг намынх нь дарга УИХ-ын дарга, нөгөө намынх нь дарга Ерөнхий сайд хийгээд явж байсан тохиолдол бий. Тэгэхээр ийм асуудал үүсэхийг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг бид олон талаас нь харж зөв ярих ёстой зүйл байгаа юм. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглогдоогүй үйл явц гэж би харж байна.

-Пүрэв, Баасан гарагийн хуралдаанаар ЗГ-ын хоёр ч гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал орно. Ирц хүрнэ гэж та харж байна уу?

-Тооцооллоороо бол ирц хүрчих байх. Ирцээ бүрдүүлээд явна. Намын бүлгийн гишүүдийн оролцоо, манлайлал, сахилга хариуцлагыг сайжруулна.

-Чуулганы хуралдаан хүртэл АН-тай зөвшилцөнө гэсэн зүйл бий юу?

-Тэр бол тухайн намын дотоод асуудал. Гэхдээ хамтраад энэ УИХ-ыг бүрдүүлж буйн хувьд УИХ-ын хууль тогтоомжуудаа барьж, үйл ажиллагаандаа оролцох ёстой.

-Төгсгөлд нь асуухад, танай намын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа юм байна. Хэзээнээс хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Дараалалд ороод ирэх үед хэлэлцээд явах байх.

Б.Энхбаяр: 6 оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн
Б.Энхбаяр: 6 оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн
 
Д.Сумъяабазар: “Бодь групп“-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Д.Сумъяабазар: “Бодь групп“-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!