"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.07.18/ 13.30 цагт эхэлсэн. Н.Өнөрцэцэг нь шүүх хуралд гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа бөгөөд өнөөдрийн хуралд тодорхой шалтгааны улмаас хоёр өмгөөлөгч ирээгүй.
Иймд тэрбээр өөрт нь холбогдуулан шалгаж буй гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг хэлж, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй. Ийнхүү хурал одоо үргэлжилж байна. Дөнгөж сая түүний өмгөөлөгч О.Батсүх шүүхийн байранд ирсэн боловч түүнийг шүүх хурал руу оруулсангүй.
Үүнтэй холбогдуулан тэрбээр "Н.Өнөрцэцэг шүүх хуралд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан боловч шүүхээс шаардлагагүй гэж үзээд хурлыг хаалттайгаар үргэлжлүүлж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хангаагүй шүүх хурал явагдаж байна" гэв.