“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно. Энэ жил тус наадмыг үзэхээр 2000 гаруй жуулчин захиалга өгсөн байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.
Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.