Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Байгальд хог биш дурсамж үлдээдэг зөв иргэн болъё

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Байгальд бид юу үлдээх ёстой вэ. Хог уу эсхүл дурсамж уу.

Зуны дэлгэр цаг хэдийнээ дундарчээ. Бүгд л цоо шинэхэн дурсамж бүтээхээр гэр бүл, найз нөхөдтэйгөө аялж, зугаална. Энд тэндгүй л аялсан, зугаалсан, амарсан гэх агуулгатай зураг бичлэг цахим орчинд хөврөх агаад Монгол орныхоо байгалийн сайхныг бишрэн магтацгаана. Арга ч үгүй биз. Энэ улирал л бидэнд дөрвөн улирлынхаа чилээг гаргах алтан боломжийг олгодог тул зун хаяанд ирэв үү үгүй юу хүн бүр амарч зугаалах төлөвлөгөөгөө гарган, эх орныхоо дөрвөн зүг найман зовхис төдийгүй дэлхийн өнцөг булан бүр рүү тарцгаадаг жамтай. Харамсалтай нь бид байгальд дурсамж үлдээхээс илүүтэй тээгээд очсон ачаагаа хоослоод үлдээх нь их.

Угтаа бол аялал зугаалгын хамгийн гол шалтгаан, мөн чанар бол хайртай дотнын хүмүүстэйгээ хамгийн сайхан, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээх.

Хэдий сүүлийн жилүүдэд хүмүүсийн хандлага бас ухамсар өөрчлөгдөж, бууж суусан газраа хог хаягдлаа үлдээлгүй түүж, хамаад явчихдаг болсон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр аялж зугаалсан газраа архины шил, чихрийн уут гээд л эдэлж хэрэглэсэн бүхий л зүйлсээ хоосрохоор нь хог болгон үлдээгээд мордох нэгэн цөөнгүй бий.

Тэр ч бүү хэл та бидний тахин шүтдэг уул ус, ургамал модонд ХАДАГ ЯНДАР хэмээх хогийг хэнэг ч үгүй зүүгээд буцах нэгэн ч байдаг шүү дээ. Хэдий энэ нь сүсэг бишрэлийн хувьд байж болох асуудал ч хадгийг модноос уялаа гээд таны амьдрал төдийлөн дээрдэхгүй л болов уу.

Харин ч байгаль дэлхийг улам илүү өвтгөж, хордуулж байна л гэсэн үг. Үүнийхээ оронд модноос уяатай хадгийг аваад, усаар ундаалбал түүнээс илүү их буян нэмэх биз.

Энэ бүгд та бидний ёс суртахууны л асуудал. "Очсон газрынхаа орчныг бохирдуулалгүй, буусан газрынхаа буурийг цэвэрлээд буцдаг" соёлыг илүүтэй дэлгэрүүлмээр байна. Үр хүүхдэдээ ч зөв үлгэрлэн харуулмаар байна. Магадгүй хажууд тань яваа хэн нэгэн хогоо хэнэг ч үгүй хаяж байгаа бол айж ичилгүй, бие биедээ шахаж, шаардан, соёлгүй нэгнийхээ бүдүүлэг үйлдлийг таслан зогсоомоор байна. Хүн бүр байгаль хамгаалагч болж, эх дэлхийнхээ өмнө хариуцлагатай иргэн болмоор байна. Учир нь та бид байгалийн сайхнаас эрч хүч, энергиэ авсан л бол түүнийхээ хариуг заавал барих ёстой. Тийм ч учраас байгальд хог биш дурсамж үлдээдэг зөв иргэн байцгаая.

III, IV хорооллын авто замыг энэ сарын 22-ныг дуустал хааж, шинэчилнэ
III, IV хорооллын авто замыг энэ сарын 22-ныг дуустал хааж, шинэчилнэ
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.