П.Ганзориг: ХҮН нам ЗГ-т байсан, байгаагүй төр засаг тогтвортой байх ёстой гэдэг нэгдмэл байр суурьтай явж ирсэн

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
15 минут 21 секунд

УИХ-ын гишүүн, ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой төсвийн тодотгол болон цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Төсвийн тодотголын хэлэлцүүлэг байнгын хороодод үргэлжилж байна. Тухайлбал, танай Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх төсвийн асуудлууд дээр гишүүд ямар байр сууринаас хандаж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын чиглэл дэх төсвийн хэлэлцүүлгийг хийлээ. ЗГ-аас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцээд явах нь зөв гэх нэгдсэн байр суурьтай байгаа. Ихэнх гишүүд энэ байр сууриа илэрхийлсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор иргэд үнийн дарамтад байгаа тул төсвийн тодотголоор цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг тусгаж оруулж ирсэн. Тухайлбал, боловсролын салбарын 93 мянган алба хаагчийн цалингийн нэмэгдэлд 670 орчим тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын 35 мянга орчим эмч, ажиллагсдад 80 орчим тэрбум төгрөгийг нэмэгдлийг тусгаад байна. Мөн өнгөрөгч хаврын чуулган хаахын өмнө буюу долоодугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлтийг баталж, ахмадуудын суурь тэтгэврийг нэмэгдүүлсэн. Гэхдээ хууль үйлчилж эхлэх хугацаа нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс байсан. Энэ хугацааг төсвийн тодотголоор урагшлуулж, 11 дүгээр сарын 1-нээс байхаар оруулж ирсэн. Тухайн тэтгэврийн нэмэгдэлд 200 орчим тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм.

Ийнхүү цалин, тэтгэврийн нэмэгдлээр дамжуулж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлье гэсэн бодлогоор тодотголоо өргөн барьж байгаа нь зөв гэж харж байгаа.

Гэхдээ анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудал олон жил яригдаж ирсэн. Сүүлийн жил гаруйн хугацаа маш эрчимтэй яригдаж байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эрүүл мэнд, боловсролын салбар дахь цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор гурван талт хэлэлцээрүүдийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор богино хугацаанд цалин нэмэх үүрэг нь төсөв дээр нэлээн ачаалал болж байгаа. Тиймээс цаашид төр цалингийн нэгдсэн бодлоготой болох нь зөв. Ингэхдээ үндсэн цалин болон хувьсах хэсгийн бүтцийг олон улсын байгууллагуудын өгдөг зөвлөмжийн дагуу барих нь зөв. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын ажилчдын цалин эрс ялгаатай биш байх нь зөв. Хоёрдугаарт, олон жил цалин нэмэхгүй явах бус цалингийн хэмжээг тогтмол нэмэгдүүлэх байдлаар тухайн жилийн төсвийн ачааллыг жигд хуваарилаад явах хэрэгтэй. Энэ мэт асуудлыг гишүүдийн зүгээс хөндөж байна.

-Тодотголоор сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмадуудад шинээр суурь тэтгэвэр олгохоор тусгаж оруулж ирсэн. Мэдээж цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа нь таатай хэрэг. Гэхдээ нөгөө талд инфляцыг өдөөх эрсдэл байсаар л байгаа шүү дээ?

-Аль ч парламент, ЗГ өнгөрсөнд гарсан бодлогын алдааг засаад явах ёстой. Түүнээс биш тэрний, энэний ЗГ, энэ намынх нь асуудал гэж хойш тавьж болохгүй. Яагаад гэвэл, тухайн тулгамдаад буй асуудал нь Монгол Улсын 3.5 сая иргэнд учирч байгаа асуудал. Тиймээс төсвийг улс төрийн өнцгөөс харж, харьцахаас илүүтэйгээр хуримтлагдсан асуудлуудыг яаж шийдвэл илүү урт хугацааны бодлогын шийдвэр болох вэ гэдэг дээр өөрсдийн байр суурийг уралдуулж, бодлогын шийдлүүдээ гаргаад явах ёстой. Манай ХҮН намын зөвлөл ч ийм байр сууринаас хандаж байгаа. Нэг талдаа цалин, хөлсийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нефть шатахуун, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах, дэмжих шийдэл явж байна.

-Төсвийн тодотгол дээр гол төвлөрсөн асуудлын нэг нь эрчим хүчний салбарын татаас байгаа шүү дээ?

-Эрчим хүчний салбарын хувьд олон жил гаднаас хараат явж байгаа ч эх үүсвэрийн дутагдлаа нөхөх чиглэлд хангалттай хөрөнгө оруулалт тавигдаж байгаагүй. Тэр байтугай өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь их засвар, үйлчилгээнд нь шаардлагатай төсвийг ч тавьж өгч байгаагүй шүү дээ.

Төсвийн тодотголоор ЗГ их засвар дээр 93 орчим тэрбум төгрөг, импортоор авч байгаа эрчим хүчний тарифын зөрүүнд 107 орчим тэрбум төгрөг тавьж байгаа нь маш чухал. Энэ нь нэг сайдын салбарт төсөв нэмж өгөөд байгаа хэрэг биш. Эргээд ард иргэдийн нуруун дээр очих эрчим хүчний үнийн өсөлт, салбарт бий болж болзошгүй тодорхой эрсдэлүүдээс л сэргийлж буй шийдвэрүүд юм. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголоор барьж авсан асуудлууд нь байгаа оносон шийдвэрүүд гэж харж байгаа.

-Засгийн газраас цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляцыг өдөөх эрсдэлтэй гэж аудит төдийгүй эдийн засагчдын зүгээс дүгнэх тал байна. Энэ эрсдэлийг ЗГ хэрхэн харсан байна вэ?

-Мэдээж эрсдэл бий. Монголбанкнаас 2027 онд инфляцыг 12-13 хувьтай байхаар харж байгаа талаар танилцуулсан. Инфляц өндөр байна гэдэг нь нийт иргэдийн бодит худалдан авалтын чадварыг бууруулдаг. Тиймээс энэ асуудалд Монголбанк сайн анхаарч, мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлэх ёстой. Ер нь төсвийн төлөвлөлтийн тогтолцоогоо томоор нь харах цаг нь болсон. Урсгал зардал сууриараа нэмэгдээд байдаг. Угтаа бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар урсгал зардлын дээд хязгаарыг 30 хувь гээд заачихсан байгаа шүү дээ. Тиймээс бид төсвийн бодлогыг томоор хараад Монгол Улсын эдийн засгийн тулгамдсан асуудлыг урт хугацаанд төсвөөр дамжуулж шийдэх юм уу эсхүл эдийн засгийн гол тулгуур хүчээ хувийн хэвшил, жижиг дунд бизнесүүд гэж хараад тэднийг дэмжсэн бодлого явуулах юм уу. Гол дэмжлэг нь татварын бодлогоор дамжиж хүрнэ. Хоёрдугаарт, жижиг дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй, урт хугацааны зээлүүд олгох нь чухал. Үүний тулд тодорхой эх үүсвэрүүдийг бий болгох ёстой. Мөн элдэв хяналт шалгалт дарамтыг багасгах, шударга өрсөлдөх зэрэг байдлыг бий болгох хэрэгтэй. Төр засаг эдгээрийг давхар анхаарч явах ёстой. Урт хугацаандаа Монгол Улсын хөгжлийг хувийн хэвшил авч явах тул түүнд суурилсан эдийн засгийн бүтэц рүү шилжих учиртай. Хувийн хэвшлүүд сайн ажиллаад, томроод ирвэл тэр хэрээр татварын бааз суурь нэмэгдэнэ. Одоогийн нөхцөлд төрийн өмчит уул уурхайн хэдэн компаниуд дээрээ л суурилаад байна. Цаашид энэ хэвээр явбал орлогын эх үүсвэр маань солонгорохгүй, төсвийн эмзэг байдал руугаа явах эрсдэлтэй гэсэн үг. Үүнийг бид парламентын түвшинд анхаарч ажиллах ёстой. Ялангуяа Монголбанк төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, энэ асуудалд мэргэжлийн байдлаар хандаж дуу хоолойгоо хүргэх ёстой л гэж хардаг.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль ч ЗГ-ын үед бид тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурин дээр хатуу явж ирсэн-

-Намрын улс төр хэдийнэ эхлээд байна. Төсвийн тодотгол, ирэх оны төсвийн асуудалтай зэрэгцэн Засгийн газрын тогтвортой ажиллуулах эсэх асуудал ч хөндөгдөж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор саяхан танай намын Төлөөлөх зөвлөлөөс ЗГ-ын тогтвортой байдлыг дэмжих тогтоолыг гаргалаа. Төлөөлөх зөвлөлийн шийдвэр дээр та ямар байр сууринаас хандаж байна?

-ХҮН намын төлөөлөх төв байгууллага болох Төлөөлөх зөвлөл өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцсэн. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн. Хуулийн дагуу улс төрийн намууд бүгд дүрмээ шинэчилж, УДШ-д бүртгүүлсэнтэй холбоотойгоор бүтцийнхээ байгууллагуудыг шинэчиилж, зарим томилгоог хийсэн. Мөн энэ үеэр улс төрийн нөхцөл байдал болоод дотоод, гадаад эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Ийм үед Монгол Улсын эдийн засаг, ард иргэд болоод ААН-үүдэд ирэх сөрөг нөлөөллийг бодлогын тогтворгүй байдал бий болгож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван ЗГ солигдон, ажиллаж байна. ЗГ солигдох бүрт тодорхойгүй байдал үүсдэг. Ер нь ганцхан гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөтэй мэт хараад байдаг боловч бодит байдал дээр дотоодын ч ААН-үүдэд тодорхойгүй байдлыг бий болгодог. Энэ утгаараа эдийн засагт удаашрах байдал бий болдог. Үүнээс нь болж эргээд ард иргэд, ААН хохирдог. Энэ утгаараа ХҮН намын төлөөлөх зөвлөл ЗГ-ыг тогтвортой ажиллах ёстой гэдэгт нэгдсэн байр сууринд хүрсэн. Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, шатахууны хомстол, үнийн өсөлт зэрэг гадаад зах зээлээс хамаарсан олон дарамт эдийн засагт ирээд байна. Мөн дотоод нөхцөлд байдалд ч тодорхой эрсдэлүүд бий. Өвөлжилтийн бэлтгэлээ хангахаас авхуулаад олон асуудал тулж ирсэн ийм үед төр засаг тогтворгүй болж ирвэл түүнээс үүдэх хор хохирлыг нь иргэд, ААН-үүд үүрнэ. Хоёрдугаарт, 2027, 2028 оны сонгууль биднийг хүлээж байна. Мэдээж 2024 онд олон нийт МАН-ыг олонх болгон сонгосон. 2027 оноос эхэлж буй сонгуулиар иргэд энэ ЗГ, УИХ-д өөрсдөө дүнгээ тавина. Ийм үед улстөржилт явсаар байвал 2028 оны сонгууль хүртэл дуусахгүй шинжтэй байна шүү дээ. Тиймээс Засгийн газрыг тогтвортой ажилуулах нь зөв.

-УИХ дахь ХҮН намын зөвлөл намын Төлөөлөх зөвлөлөөс гарсан шийдвэр гэдэг утгаараа ЗГ-ыг тогтвортой ажиллуулах байр суурийг дэмжээд явах уу. Ер нь энэ талаар зөвлөл дээрээ ямар байр суурин дээр нэгдсэн юм бэ?

-Өнгөрөгч Даваа гарагт УИХ дахь ХҮН намын зөвлөлийн анхны хурал болсон. Хурлаар бид гурван асуудлыг авч хэлэлцсэн. Тухайлбал, төсвийн тодотголыг хэлэлцэж зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, Төлөөлөх зөвлөлийн тогтоолыг намын ЕНБД оруулж ирж танилцуулж, гишүүд саналаа нэгтгэсэн. УИХ-ын гишүүд ч нэгдсэн адил байр сууринаас хандаж байгаа. УИХ дахь ХҮН намын зөвлөл 8 гишүүнтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль ч ЗГ-ын үед бид тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурин дээр хатуу явж ирсэн. Тийм ч учраас ЗГ-т олон жил хуримтлагдсан ажил, ачаалалтай салбаруудын ачааг үүрээд явж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт П.Наранбаяр сайдаар ажиллаж байх хугацаандаа салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Анх удаа ийм өндөр нэмэгдэл хийсэн. 2025 оныг "Боловсролыг дэмжих жил" болгож, хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Одоогоор Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа гишүүн ажиллаж байна. Салбарт тулгамдаж буй асуудлуудыг тэр сайдын үед үүссэн юм байна гэж улстөржихгүйгээр урдах ажлаа шийдчих гээд л ажиллаж байна.

-Асуудал үүсгэж, алдаа доголдол гаргаж байгаа сайд нараа сольж байх ёстой-

-Нэг талдаа та бүхэн нам болоод зөвлөлийн түвшинд байр сууриа нэгтгээд явж байна. Гэхдээ нөгөө талдаа танай нам ЗГ-т хамтарч буй нам. Энэ утгаараа хамтралаа хамгаалаад байгаа юм биш үү?

-ХҮН нам ЗГ-т байсан, байгаагүй төр засгийн тогвортой байдал дээр бид нэгдсэн байр суурьтай явна. Түүнийгээ өнгөрсөн хугацаанд ч илэрхийлж ирсэн. Төр засаг тогтворгүй байгаагаас бодлогын тогтворгүй байдал үүсдэг. Бодлогын тогтворгүй байдал үүснэ гэдэг бол эдийн засгийн тодорхойгүй байдал, хүндрэл эрсдэл бий болно л гэсэн үг. Түүний үр дагавар нь ард иргэд, ААН-үүд дээр л ирдэг. Эцсийн эцэст төр засаг тогтворгүй болоход ард түмэн л хохирно шүү дээ. Өөр хэн ч тэнд хожихгүй. Энэ бол Монгол Улсын эрх ашиг огтоос биш. Харин тогтвортой байх ёстой гээд сайн, муу ажиллаж байсан ч байлгаад байж таарахгүй. УИХ-ын гишүүдийн үүрэг бол ЗГ-т хяналт тавьж, хариуцлагатай, санаачилгатай ажиллуулах. Энэ шаардлагаа УИХ байнгын тавьж байх ёстой. Асуудал үүсгэж, алдаа догдолдол гаргаж байгаа сайд нараа сольж байх ёстой. Ийм л байр сууринаас хандаж байна.

Ярилцсанд баярлалаа

Самар түүхээр явсан хоёр иргэн бусдын бие дээр бензин асгаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Самар түүхээр явсан хоёр иргэн бусдын бие дээр бензин асгаж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ
 
Б.Пүрэвдагва: Багануур, Багахангай, “Чингис хаан“ ОУНБ чиглэлд зорчих иргэд автобусны суудлаа урьдчилан захиалж болно
Б.Пүрэвдагва: Багануур, Багахангай, “Чингис хаан“ ОУНБ чиглэлд зорчих иргэд автобусны суудлаа урьдчилан захиалж болно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!