Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гуравдахь жилдээ Олон улсын сувилагчдын өдрийг сувилагч нараар бахархах, тэднийг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, үйлчилгээний арга туршлагыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор “Сувилагч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээг “UG Arena” цогцолборт улсын хэмжээнд 2600 сувилагчийг оролцуулан зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Манай улсад 2023 оны байдлаар нийт 63 мянга гаруй эмнэлгийн ажилтны 14.5 мянга нь ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нар байна.
Энэ хүрээнд иргэдэд хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж гурав дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийжээ.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталсан.
Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо 2 дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, ажлын талбарт гарч буй сувилагчийн тоо 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 100 гаруй сувилагчаар нэмэгдсэн байна.
Мөн сувилагчийн эмнэлзүйн ур чадварыг сайжруулж, хөгжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран Сувилагчийн хөгжлийн төв байгуулахад шаардлагатай 14 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний багийн ажиллагаа бөгөөд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрхэм сувилагч та бүхний ёс зүй, харилцаа хандлага, хүнлэг энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн чадвар, хариуцлагатай байдал чухал үр нөлөөтэйг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Сувилагч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах хөшүүргийг бий болгох хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолоор сувилагчдын цалин, хөлсний доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 1,3 сая төгрөгт хүрч, дунджаар 45 хувь нэмэгдлээ. Сувилагч болон бусад мэргэжилтэн үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хамт 1.9-2.8 сая төгрөгийн цалин хөлс авч байгаа нь 2019 онтой харьцуулахад 83 хувиар нэмэгдсэн.