Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Цаашид Улсын хэлэлцээрийн дагуу цалин хөлсийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

Монголд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөн 106, Үндэсний төв байгуулагдсан 96 жилийн ойг тохиолдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо “Монголдоо сайхан ажиллаж амьдарцгаая” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа арга хэмжээний нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд, идэвхтэн сонгуультан, гишүүд, дэмжигчид Та бүхэнд Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 106 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Манай Засгийн газар нийгмийн түншүүдтэйгээ хамтран томоохон хуулиуд болох Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулж, УИХ-аар батлуулж, хөдөлмөр, нийгмийн салбарын эрх зүйн цогц шинэчлэлийг эхлүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойллоо. Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болсон.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн сэргэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийг дэмжих, хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлал болгон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны Улсын хэлэлцээрийг бид шинэ арга хэлбэрээр байгууллаа. Улсын хэлэлцээрийг хамтран хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангуулах хүрээнд ажилтан, олон нийтэд хөдөлмөрийн хууль тогтоомжийг сурталчлах ажлыг болон МҮЭХ-ны зүгээс ажилтан, ажиллагчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, орон нутаг, салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд илүү анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “EJOB” цахим системийг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг боловсронгуй болгон илүү үр дүнд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд хамтран ажиллана. Төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх замаар цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсийг 26-50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд энэ онд 991.6 тэрбум төгрөг зарцуулна.

Цаашид Улсын хэлэлцээрийн дагуу цалин хөлсийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ. Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2014 оноос хойш есөн жилийн дараа шинэчлэн баталж, ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү ойртохоор боллоо. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550.0, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, хүний хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд нийгмийн түншлэлийн талуудтайгаа цаашид хамтран ажиллах болно. Хөдөлмөрийн хүний сайн сайхны төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай" хэмээв.

НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт +21 хэм дулаан, бороо орохгүй
НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт +21 хэм дулаан, бороо орохгүй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.