Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын А/97 тоот тушаалын дагуу үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд /2023 оны долоодугаар сарын 08-наас 16-ныг дуустал/ эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд тасралтгүй үзүүлж ажилласан байна. Энэ талаар ГССҮТ-өөс мэдээлсэн бөгөөд,
"Долоодугаар сарын 11, 14-ний өдрүүдийг ажлын өдөр болгон Амбулаторийн тасагт нийт 290 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 76 төлөвлөгөөт мэс засал орсон байна.
Баяр наадмын өдрүүдэд Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 4796 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 156 хүнд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлснээс 92 нь оройн ээлжинд мэс засалд орсон байна.
Мөн алсын дуудлагын дагуу ГССҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар, Өвөрхангай аймагт очиж ажиллахдаа гавал тархи болон цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэлтэй хоёр иргэнд мэс засал хийжээ.
Түүнчлэн орон нутагт осол гэмтэлд өртөж биеийн байдал маш хүнд байгаа, нисэх онгоцоор яаралтай тээвэрлэгдэх заалттай 12 иргэнийг ГССҮТ-ийн нисэх талбайд тээвэрлэн авчирснаас том хүн 8, 0-18 насны хүүхэд 4 байна.
Тус төвийн хэвтэн эмчлүүлэх тасагт энэ өдрүүдэд нийт 477 үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн байна.
Ташрамд дурдахад, үндэсний их баяр наадмын өдрүүдээр ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлж /нэг ээлжинд зургаан эмч/ ажиллахаас гадна “EEJII” /Charity and Volunteering Foundation/ сайн дурын байгууллагын ажилтнууд иргэд үйлчлүүлэгчдэд туслах хөтөч, мэдээллийн ажилтан, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэн хамтарч ажиллажээ" гэж мэдээлэв.