Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болд-Эрдэнэ: Кинонд туслахаар явж байх үедээ жүжигчин мэргэжилдээ улам “дурлаж“, өөртөө чадна гэж итгэл өгсөн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 46 секунд

“Oh~Hi School”,“Урлагийн сургууль”,“Love story”, “Өвлийн солонго”, “Бужо” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ найруулагчдын хараанд өртөж, олон нийт хүүхэд залуусаас өндөр үнэлгээ аваад буй залуу жүжигчин Э.Болд-Эрдэнийг та бүхэнтэй уулзуулж байна. Их сургуулиа төгсөөд удаагүй ч цөөнгүй уран бүтээлүүдэд дүр бүтээгээд амжсан түүнтэй уран бүтээлээс гадна олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Уншигчид өөрийг тань хэд хэдэн веб драм, кино уран бүтээлүүдийн дүрээр нь мэдэх байх. Тэгвэл уншигчдад маань өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Э.Болд-Эрдэнэ гэдэг. Соёл Урлагийн Их Сургуулийг 2022 онд жүжигчин мэргэжлээр төгссөн.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье. Ер нь багаас урлагт дуртай хүүхэд байв уу?

-Бага байхдаа кино поркатын газарт ажилладаг байлаа. Тухайн үед хүмүүс ч кино их түрээсэлж үздэг байсан. Би ч ялгаагүй өдөржингөө шахуу төрөл бүрийн кино үзэж цагийг өнгөрөөдөг байв. Ийнхүү кино уран бүтээл харж өссөний хувьд жүжигчний мэргэжилд татагдах болсон. Тэр ч утгаараа энэхүү мэргэжлийг сонгох болсон гэх үү дээ. Ер нь багаасаа ч энэ чиглэлд сонирхолтой байсан гэж хэлж болно. Дугуйланд суралцаж байгаад үргэлжлүүлээд мэргэжлээ сонгосон болохоор тэр л дээ. Сонирхлоо илүү барьж явахад тус болсон юм болов уу гэж боддог юм.

-Урлагийн тэр дундаа жүжигчин мэргэжлийг сонгоно гэдэг зарим талаараа эрсдэлтэй, хатуу сонголт гэж хардаг. Өөрийн тань хувьд суралцаж эхлэхээс өмнө эсвэл төгссөний дараагаар ямар нэгэн айдастай нүүр тулсан уу?

-Жүжигчин мэргэжлээр суралцахын өмнө айдас гэхээсээ илүү сонирхол маань давамгайлж байсан. Тиймээс айдас гэхээр зүйл байгаагүй. Сонирхолдоо хөтлөгдөөд л мэргэжлээ шууд сонгосон.

-Кинонд туслахаар явж байх үедээ өөрийнхөө сонгосон мэргэжлийн хүн нь болох ёстой юм байна гэх бодол төрсөн-

-Гэхдээ мэргэжлээ сонгосны дараагаар бодсоноос тань өөр ч юм уу нөхцөл, бодол ч юм уу төрж байв уу?

-Анх 2016 онд СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй юм л даа. Гэхдээ мэргэжлээ сонгосон байсан учраас КУДС-д элссэн. Хоёр жил КУДС-д сураад хагас жил завсарлага авсан. Тэр зууртаа киноны арын албанд туслахаар нэлээн явсан. Тэр үед хэсэг суралцахаасаа завсарлага авья гэж бодсон ч Соёл урлагийн сургуульд шалгалт өгөх боломж олдож, хоёрдугаар курсээсээ тус сургуульд орсон.

-Магадгүй киноны арын албанд ажилласан үе тань жүжигчин мэргэжилдээ илүү "дурлахад" нөлөөлсөн үү?

-Тийм ээ. Туслахаар явж байх үедээ би өөрийнхөө сонгосон мэргэжлийнхээ хүн нь болох юм сан гэх бодол л их төрж байсан даа. Түүнчлэн тэр үеэс кино хэрхэн бүтдэг вэ гэдгийг хамгийн ойроос харж мэдэрсэн. Тэгээд өөртөө чадна гэх урам өгсөн. Мөн тэр үед сурахгүйгээр жүжигчин мэргэжлийг эзэмшинэ гэдэг бодол маань өөрчлөгдсөн. Улам л мэргэжлээрээ суралцмаар санагдаж байсан.

-Ү.Ундрал бол миний анхны протнер маань. Бид үерхдэггүй-

-Одоогоор ямар ямар уран бүтээлүүд дээр ажиллаад байна вэ?

-Оюутан байх үедээ "Favway" нэгдлийн уран бүтээлүүдэд орж ажиллаж эхэлсэн. Мөн “Бужо” олон ангит киноны Эрхэм-Эрдэнийн дүрийг бүтээсэн.

-"Favway" нэгдлийн охидтой хэрхэн танилцаж байсан бэ?

-Кинонд туслахаар явж байхдаа Жимитэй танилцаж байсан юм. Бие биенээ мэддэг болсон байсан үе. Тэгээд СУИС-д суралцаж байх үед маань Favway-ийн хийх гэж байгаа уран бүтээлд оролцох уу гэж санал тавьсан. Хамгийн анх нэг love story-д нь тоглоод дараагаар нь веб драманууд дээр нь ажилласан. Хажуугаар нь Бужо олон ангит уран сайхны кинонд тоглосон.

-Сүүлд "Урлагийн сургууль" цувралд тоглоход кино багт дандаа үе тэнгийнхэнтэйгээ цуг ажилласан байсан. Ингэж үеийнхэнтэйгээ ажиллахад давуу тал их биз?

-Ер нь аль аль үеийнхэнтэй нь зохицоод ажиллаад явахад амар байдаг. Аль алинд нь давуу тал байдаг гэх үү дээ. Өөрөөсөө ах эгч хүмүүстэй ажиллахад маш их тусалдаг. Үеийнхэнтэйгээ ажиллахад зөрчилдөх зүйл гарахад түүнийг маш амархан ойлголцоод даваад гарчихдаг. Хөгжилтэй, чөлөөтэй байж болдог нь сэтгэл санаанд ч таатай байдаг.

-Өөрийн тань хувьд "Favway" нэгдлийн хэд хэдэн уран бүтээлүүдэд оролцож тоглосон байна шүү дээ. Ер нь Favway нэгдэлд уран бүтээлийн тал дээр ямар нэгэн гэрээ хийсэн зүйл бий юу?

-Тэр дөрөв бол яг л манай үеийнх. Бид сайн найзууд. Favway-ийн албан бус нэг гишүүн, тав дахь гишүүн гэх мэтээр бид хоорондоо маазарч ярих үе бий. Бусдаар албан ёсны гэрээ контракт хийсэн зүйл байхгүй ээ.

-Та бүхний уран бүтээлийг өсвөр үеийн хүүхэд залуус шимтэн үздэг шүү дээ. Гадуур явахад таньж ирээд зураг авхуулах ч юм уу тохиолдол гарах уу?

-Таних нь таниад, танихгүй бол танихгүй. Гадуур явахад зураг авхуулья гээд л инээгээд ирж байсан үе байдаг.

-Вэб драманы дийлэнхэд нь жүжигчин Ү.Ундралтай хамтарч тоглосон шүү дээ. Та хоёрыг үерхдэг юм уу гэх асуултыг үзэгчид их тавьсан байдаг юм билээ?

-Үгүй ээ. Бид амьдрал дээрээ сайн найзууд. Уран бүтээлүүд дээрээ хамтарч тоглосон. Бараг анхны протнер маань гэх үү дээ.

-Хувь хүн талаасаа үг дуу цөөтэй, дотогшоогоо нэгэн. Энэ байдал мэргэжилтэй маань зөрчилдөх үе байдаг-

-Жүжигчин мэргэжлээр суралцаж буй залуус төгсөхөөсөө өмнө ч юм уу өөрийгөө сорих жанраа сонгочихсон байдаг юм шиг санагдсан. Тайз, дэлгэц гээд л. Өөрийн тань хувьд дэлгэцийн уран бүтээлээр дагнах бодолтой байгаа юу?

-Сайн мэдэхгүй юм. Би өөрийгөө аль нэг чиглэлд баригдмал байлгахыг хүсэхгүй байна. Өөрийг маань сорих зүйл гарч ирвэл сориод л явна. Илүү "эрх чөлөөтэй" байхыг хүсэж байгаа.

-Ер нь ярилцаад сууж байхад их үг дуу цөөтэй бололтой?

-Ер нь тийм шүү. Мэдээж хэрэг найзуудтайгаа байхдаа өөрөөрөө чөлөөтэй байна л даа. Гэхдээ л ер нь их дотогшоогоо. Тиймээс энэ байдал маань мэргэжилтэй маань зөрчилдөөд байдаг юм. Энд тэнд кинонд ороход "Чи СУИС төгссөн юм уу. Тэгээд яагаад ийм үг дуу цөөтэй юм" гэж асуух хүмүүс их байдаг. Гэтэл манай мэргэжил чинь багийн ажиллагаа гэдэг утгаараа хаана ч очсон бие биетэйгээ танилцаж, хүрээллээ тэлж байдаг шүү дээ.

-Зөрчилдөөд байдаг. Түүнийгээ яаж даван туулах уу. Нэгэнт сонгочихсон мэргэжил чинь шүү дээ?

-Аль болох зохицуулаад л явахыг боддог доо. Хүндээр ч юм уу тусгаж аваад байдаггүй ээ.

-Киноны арын албанд ажилаж байсан гэсэн шүү дээ. Гэхдээ арын алба бус яг өөрөө гол дүр нь болоод жүжигчин мэргэжлээрээ ажиллахад өөрт чинь ямархуу санагдаж байсан бэ. Магадгүй маш их сандарч байсан үе?

-"Бужо" киноны хамгийн эхний сцений зураг авалт маш хэцүү байсан. Би яачихав аа гээд л сандралд орж байсан юм. Нэг л учраа олж өгөхгүй байсан.

-Ойрын үед шинэ уран бүтээлийн санал ирсэн үү?

-Боловсрол суваг телевизийн олон ангит кинонд ажиллаж эхэлсэн байгаа. Эхний зураг авалтууд хийгдэж байгаа. Ирэх намраас Favway нэгдлийн шинэ веб драма эхэлж магадгүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

Дөлгөөн нуурын зүүн талын замыг хааж, засвар хийнэ
Дөлгөөн нуурын зүүн талын замыг хааж, засвар хийнэ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.