УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.24/ хуралдаж, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл, Засгийн газраас төлөвлөж буй цалин хөлсийг боловсронгуй болгох чиглэлийн мэдээллийг сонслоо. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг сонсож, гишүүд асуулт асууж, тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Анх 1946 онд Төмөр замын хэлэлцээрийг хийж, 1949 онд анхны Төмөр зам баригдсан түүхтэй. Төмөр замын тухай хуулийг 2007 онд батлаж байсан. Одоогийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан тус хуулийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй хийх шаардлага бий болсон. Нэгдүгээрт, өмнө нь ОХУ-ын хуулийг үндэслэж хууль батлаж байсан бол одоо иргэд уншихад ойлгомжтой үг, үсгийн хувьд шинэчлэгдсэн хууль болж байна. Хоёрдугаарт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нь нэг ААН байхаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь тус тусдаа байхаар зохицуулж байгаа. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар Төмөр зам ХНН цаашид хуулийн хэрэгжилтийн дагуу тээвэрлэгч буюу суурь эзэмшигч хоёр компани болж өөрчлөгдөнө. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, нээлттэй байх, зах зээлд тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хууль орж ирж байна. Гуравдугаарт, өмнө нь Улаанбаатар Төмөр зам 1900 км нэг л замтай байсан.
Сүүлийн үед Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн 890 гаруй км Төмөр замыг барьсан. Нийт 2800 орчим км Төмөр замтай болж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэн тэргүүнд төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын харьцааг уялдуулах ёстой. Иймээс Зам тээврийн яамны дэргэд Төмөр замын агентлаг байгуулагдана. Тус агентлаг нь төр хувийн хэвшлийн хоорондын уялдааг хангаж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Мөн Төмөр замын тээврийн үнэтэй холбоотой асуудлыг зохицуулах заалтыг оруулж өгсөн. Тухайлбал, Нүүрсний үнэд төр тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож тээврийн үнэ нэмэхгүй гэсэн шаардлага тавьдаг. Хэрэв нэмбэл, эрчим хүчний үнэ шиг ард иргэдийн амьдралд нөлөөлнө гэдэг утгаар барьж байдаг. Иймээс үнийн аргачлалыг тухайн ААН нь гаргаж өгнө. Энэ үнэ нь бодитой юу гэдгийг төрийн захиргааны байгууллага хянаж, салбарын сайд батлахаар тусгасан. Ингэхдээ төрийн захиргааны байгууллагын дэргэд судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус “Үнийн зөвлөл”-ийг байгуулна” гэлээ.