Оршуулгын ёслол дээр билэгдэл болгон өргөл өргөдөг хуурамч еврогийн дэвсгэртийг найман настай хүү тосгоны дэлгүүрээс тоглоом авахдаа ашиглаж болох эсэхийг асуусны дараа цагдаа ирж хүүг байцаажээ.
Хүү ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч нь хүүгийн нэр 2032 оны тавдугаар сарыг дуустал гэмт хэргийн бүртгэлийн тэмдэглэл дээр бичигдэхээр болсон байна. Хэвлэлүүд дэлгүүрийн санал болгосноор цагдаа нар уг хэрэгт хэт нухацтай хандаж ийм шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм.
Уг үйл явдлыг тодруулбал, Швейцарийн хойд хэсгийн Базэель-Ландшафт мужийн “Сиссач” хотхонд гуравдугаар сарын эхээр болсон багт наадам дээр энгийн цаасан дээр цэнхэр хятад тэмдэгтэй хуурамч еврог хаясныг хүүхдүүд цуглуулж авсан байна.
Уг хэргийн тайланд дурдсанаар найман настай хүү арван настай ах болон хөрш айлын охинтой хамт дэлгүүрт очсон бөгөөд хуурамч дэвсгэртийг ашиглаж болох эсэхийг асуужээ. Винтертур дахь төв байрнаас нь урьдчилан сануулсны үндсэн дээр дэлгүүрийн ажилчид хуурамч дэвсгэрт гэдгийг таньж иргэний үүргээ биелүүлэн цагдаад мэдэгдсэн байна.
Базель-Ландшафт мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Боодол хуурамч еврогийн дэвсгэрттэй хүүхдүүд бараа бүтээгдэхүүн авах гэж оролдсон тухай мэдээлснээс үүдэн хуурамч мөнгөн дэвсгэртийг эргэлтэд оруулж болзошгүй гэх хардлага төрсөн юм.” гэжээ.
Эх сурвалж: SCMP
Б.Болормаа