Капитал банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 6-9-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцсэн. Улмаар шүүхээс А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 5 тэрбум 300 гаруй сая төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байдаг.
Уг асуудалд шүүхээс "Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Ариунболдыг Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 104.651.984.834 /нэг зуун дөрвөн тэрбум зургаан зуун тавин нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулснаас 99,351,599,543 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 5.300.385.291 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Ариунболд нь 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэжээ.