Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессын гэрээгээр авсан "Кью Эс Си" нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй учир төр өөрийн өмчөө эргүүлэн авсан билээ. Засгийн газрын зүгээс үйлдвэрийн өр 630 орчим тэрбум төгрөг болсон. Үүнийг "Кью Эс Си" компаниар төлүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм. Тэгвэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсан Засгийн газрын шийдвэрийг "Кью Эс Си” ХХК эсэргүүцэж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Энэ талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар томилогдсон А.Ариунболд:
"Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ТӨБҮГ-ын дарга Б.Цэнгэл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга А.Ариунболд нар оролцох юм байна.
“Кью Эс Си” ХХК нь Засгийн газрыг шүүхэд өгөх бус харин ч өр төлбөрөө нэн даруй төлье гэдэг хүсэлт гаргах ёстой. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авахад 600 гаруй тэрбумын өртэй, дээр нь үйлдвэрийн технологийн байдал алдагдсан гээд маш хүнд нөхцөл угтсан. Концессын гэрээгээр гангийн үйлдвэр байгуулах ёстой байсан. Энэ нь байхгүй. Энэ үйлдвэр баригдахыг Дарханы иргэдээс эхлээд монголчууд нийтээрээ найман жил хүлээлээ. Нэг ширхэг ч тоосго тавьсангүй. Тэгэхээр төр өмчөө эргүүлж авах нь зүйн хэрэг биз дээ. Өнгөрсөн хугацаанд “Кью Эс Си” ХХК хүдэр олборлож, түүхийгээр нь экспортонд гаргаснаараа 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Тэгсэн хэрнээ төрд 100 гаруй төгрөгийн татварын өрийг төрд үлдээсэн. Энэ өрийг төр төлөх үү. Тийм юм байхгүй ээ. Энэ өрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр биш харин “Кью Эс Си” ХХК төлөх ёстой. Тиймээс шүүхэд өгнө. Шүүхээс үнэн мөнийг тогтоох байх. Мөн Худалдаа хөгжлийн банкаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр маш их хэмжээний зээл авсан. Энэ авсан зээл хэдхэн цаг, хэдхэн хоногийн дараа “Кью Эс Си” ХХК руу шилжчихдэг. Энэ зээлийн төлбөр, хүүг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1500 гаруй ажилчин төлөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ асуудлаар шүүхэд бас хандана. Та нар боддоо. Менежментийн төлбөр гэдэгт л 10 сая ам.доллар авч байгаа. 10 сая ам.долларын менежмент хэрэгжүүлсэн юм чинь Дарханы төмөрлөгийн үйлдвэр гайхамшигтай үйлдвэр болсон байх ёстой биз дээ. Гэтэл тэр гайхамшиг нь хаана байна вэ. Тиймээс шүүхэд өгнө" гэлээ.