2018 онд Зоонозын Үндэсний төвд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод эзэнгүй нийт 300-350 мянган нохой, муур байна гэсэн статистик гарч байжээ.Үүнээс 5 жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сард багтаан дахин судалгаа хийж эхэлсэн байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраагаас тодруулахад тэрбээр" Бид ганцхан үр дагавар дээр арга хэмжээ аваад байдаг. Эх үүсвэр дээр нь арга хэмжээ авдаггүй. Тэгэхээр эзэнтэй нохой, муурыг бүртгэлжүүлээд коджуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн эзэнтэй нохой муурны үржлийг зогсоох арга хэмжээг авах шаардлагатай байгаа.
Үүнээс гадна эзэнгүй муур, нохойг зөвхөн галт зэвсгээр устгал хийх боломжгүй бөгөөд унтуулах арга буюу тариагаар устгах аргыг хийхээр судалж байна.
Дээр нь нэмээд иргэдийн хариуцлагын асуудлыг хөндөх нь чухал. Муур, нохойны орооны үеэр эзэд нь гудамжиндаа гаргаад хаячихдаг. Үүнээс болоод гэр хорооллын гудамжуудад эзэнгүй болсон муур, нохой хүн хазаж гэмтээдэг асуудлууд багагүй гарч байна. Цаашид амьтан тэжээж байгаа хүмүүсийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа" гэв.