ХНХ-ын сайд Д.Сарангэрэл олон нийтийн дургүйцлийг хүргэсэн үгэндээ уучлал хүссэн юм. Энэ үеэр ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн ажлын байранд гаргах, дадлагажуулах талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ХНХЯ-аас нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан ажиллаж байна. Төслийн хувьд зорилтот бүлгийн иргэдийн амьдралын түвшинг хэрхэн нэмэгдүүлэх, цаашлаад хэрхэн бие дааж амьдралаа авч явах чадварыг дээшлүүлэх вэ гэдэг дээр шинэ хөтөлбөр боловсруулаад явж байна. Үүний хүрээнд бид Азийн хөгжлийн банканд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байгаа.
Үүний хүрээнд бид Азийн хөгжлийн банктай хамтран зорилтот бүлгийн иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт БЗД, ЧД, СХД-ийн 1520 өрхийг сонгож авсан бөгөөд эдгээр өрхийн хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг ур чадвар, хандлагыг өөрчлөх сургалтад суулган, дэмжлэг үзүүлнэ. Ийнхүү хоёр жилийн хугацаанд тухайн хүнийг ажилд зуучилж өгөх, хувийн бизнесээ эхлүүлбэл түүнийг нь жигдэртэл хамтран ажиллах байдлаар өрхийн амжиргааг дэмжиж болох талаар туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа.
Өчигдрийн хувьд жишээ болгон үсчний мэргэжлийг авч үзсэн. Сонгон авсан гурван дүүрэг дээр судалгааны компани зах зээлийн судалгаа хийж байгаа. Тиймээс судалгааны компаниас тодорхой хэмжээний дүгнэлт гарна. Зах зээлийн судалгааны үр дүн гарсны дараа хэрэгцээт ажлын байруудад тулгуурлан иргэдийг ажлын байранд гаргахад тусалбал илүү оновчтой шийдэл болох юм. Тиймээс иргэдийг сургах чиглэл нь зах зээлийн судалгааны үр дүнгээс шалтгаална" хэмээлээ.