Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Тэгш ойтой жилийн барилдаан тул олон нийтийн дунд ямар бөх түрүүлэх бол хэмээх хүлээлт байсаар байна. Энэ тал дээр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр ярилцлага өгөх үеэрээ дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр "Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Ардын хувьсгал бол шинэ цагийн Монгол орны тусгаар тогтнолын амин сүнс байсан гэж боддог. Энэхүү түүхт ойд үндэсний бөхийн их аварга, арслан цолтнууд тэргүүлэн барилдана. Мөн монгол туургатан 40 гаруй залуус зодоглож байна. Энэ жилийн наадамд залуучууд өнгөлж, давамгайлан барилдана гэж харж байна. Тэр дундаа Өвөрхангай аймгийн Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон хоёрыгоо улсын цолд хүрнэ гэж хүлээж байна. Түрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Цоо шинэ, битүү, сайн бэлтгэлтэй залуу бөхийн наадам болж магадгүй шүү. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би улсын баяр наадамд Азжаргал начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан. Томоохон ойн баяруудаар шинэ, залуу бөх төрдөг талтай" гэсэн юм.