Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран энэ оны наймдугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд хулгай орж Майдар бурхан 3 ширхэг, Богд зонхов бурхан шавьтайгаа 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан 1 ширхэг, нийт 6 ширхэг бурхад алдагдсан дуудлага, мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлсэн байна. Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.