Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа. Уулзалтад сайдын орон тооны зөвлөх Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навчаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Унгар улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Цүцай Аттила нар оролцов.
Хоёр улсын хамтын ажиллагааны чухал төсөл болох Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн ажил эхэлж хэрэгжилтийн шатандаа явж буйд баяртай байгаагаа Сайд З.Мэндсайхан илэрхийлээд энэхүү ажлыг эрчимжүүлэн төлөвлөсөн хугацаандаа шуурхай дуусгахад хоёр тал анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Хамтын ажиллагааны дараагийн шатны төсөлд Унгарын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн байгааг Элчин сайд Обрущанский Борбала Анна илэрхийлэв. Үүний хүрээнд Монгол Улсад худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр барих, үерийн усны менежментийг хөгжүүлэх, чадавх бэхжүүлэх мөнхөдөө аж ахуйн салбарт төмс хүнсний ногооны агуулах байгуулж, чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлд тус зээлийг зарцуулахаар урьдчилан төлөвлөөд байгаагаа Сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.
Монгол Улс 71 сая толгой малын нөөц баялагтаа суурилан экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, улмаар хөдөө аж ахуйн экспортлогч орон болохыг зорьж байна. Иймд Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан холбогдох төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр танилцуулсан.
Мөн Сайд З.Мэндсайхан хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг боловсролын салбарт, Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлж Монгол залуучуудын боловсролд өндөр ач холбогдол өгч, боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй Унгарын талд талархал илэрхийлээд салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг энэхүү хөтөлбөрт хамруулах эрмэлзлэл их байгааг хэллээ.
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.