Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүхий эдийн нөөцийг үнэлэх, нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор “Зун, намрын улиралд арьс, ширэн түүхий эд бэлтгэл” зөвлөлдөх уулзалтыг энэ оны тавдугаар сарын 26-наас эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг болон арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл оролцож, таван аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд, үйл ажиллагаа явуулж буй 62 мал нядалгааны газрын төлөөлөлтэй уулзан орон нутгийн нөхцөл байдал, түүхий эд бэлтгэлийн боломжийг судалжээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат энэхүү ажлын үр дүнтэй өнөөдөр танилцаж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн удирдлагууд, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), ААН-үүдийн төлөөллүүдтэй уулзалт хийв.
Уулзалтаар арьс, ширний түүхий эдийн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн цэг байгуулах, итгэмжлэгдсэн агуулахын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг хэлэлцлээ.
2025 онд дээрх таван аймагт үйлдвэрийн аргаар 380 мянга гаруй толгой мал төхөөрчээ. Ажлын хэсэг болон МАШҮХ-ны зүгээс 2026 онд нядалгааны үйлдвэрт хамрагдах малын тоонд үндэслэн бэлтгэх арьс, ширний хэмжээг тооцож, нэгж түүхий эдэд шаардагдах давсны нормд тулгуурлан нийт хэрэгцээт давсны хэмжээг тодорхойлсон байна. Урьдчилсан байдлаар эхний ээлжид Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгаас хонины нэхий худалдан авч үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтойг танилцууллаа.
Уулзалтын үр дүнд орон нутгаас арьс, шир бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах, арьс, ширний урамшууллын журмыг боловсронгуй болгох, дотоодын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг тогтвортой хангах, үндэсний үйлдвэрийн арьс ширэн бүтээгдэхүүнээ дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Монгол Улсын Их Хурлаас 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг байгальд ээлтэйгээр боловсруулах, экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!