
Боловсролын яамнаас Монгол хүүхэд залуусыг "Мэдлэг, ур чадвар"-ын хоцрогдлоос чөлөөлье /бодлогын шинэчлэл/ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Сүүлийн таван жилд ЕБС-аас сургуулийн менежмент эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж, манай маш олон багшийг цалингаар татсан байна. Төрийн сургуулиудын олон багшийг хувийн сургуулиуд цалингаар татан авчээ. Үүнтэй холбоотой судалгааг бид хийж байгаа. Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаан авна. Хэрэв буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө" хэмээсэн нь олон нийтийг шүүмжлэлийг дагуулсан.
Тэгвэл тэрбээр өнөөдөр уг асуудалдаа тайлбар өглөө. Ингэхдээ “Хувийн сургуулиудаас шилдэг багш нар аа буцааж авна, өгөхгүй бол нөхөн төлбөр төлүүлнэ” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан гэхүү тараасан гэх үү ямартай ч нэг тайлбар хэлье.
Ерөнхий боловсролын сургуулиудад жил бүрийн хичээлийн жилийн төгсгөлд дунджаар 4000 багшийн сул орон тоо үүсэж, энэ орон тоо нөхөгдөх хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдаж, улмаар сурлагын чанар, хүүхдийн хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.
Сул орон тоог нөхөхийн тулд
(i) төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багш нарын зардлыг нөхөн төлүүлэх;
(ii) багш мэргэжилтэй залуусыг салбарт нь ажиллуулах “Эрдэмт багш нараа Эх орон нь дуудаж байна” аян өрнүүлэх;
(iii) багшийн дутагдалтай сургуульд очиж ажилласан залуучуудыг цэргийн алба хааснаар дүйцүүлэх;
(iv) ТӨГСӨХ ангийн оюутнуудыг ажлын байран дээр ажиллуулан төгсгөх;
(v) багш бус мэргэжлээр төгссөн болон төгсөх оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;
(vi) Teach Mongolia хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг саналуудыг танилцуулсан.
Харин менежмент сайжруулах нэрээр хамтран ажиллахдаа тухайн төрийн өмчийн сургуулийнхаа багш нарыг авсан тухай мэдээллийг зарим нэг орон нутгаас ирүүлснийг жишээ болгож хэлсэн бөгөөд ийм тохиолдолтой эвлэрэхгүй гэдгээ сайдын хувьд дахин хэлье.
Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал бөгөөд багшийн дутагдлаас гарахад төр, хувийн хэвшил харилцан биесээ дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн ️“Үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, эцэг эх, асран хамгаалагчаас гаргуулна” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан байх юм. Бас л учрыг нь ойлголгүй мушгижээ.
Би сайн сургууль гэж “сайн хөтөлбөртэй”, “сайн багштай”, “хүүхэд бүр төсөвтэй”, “хуурамч дүнгүй”, “хамтын удирдлагатай”, “халуун хоолтой”, “үе тэнгийн дээрэлхэлгүй”, “цахим тоног төхөөрөмж, дэд бүтцээ шийдсэн” сургуулийг хэлнэ гэж алхам тутамдаа ярьж, олон нийтэд мэдээлж байгаа. Ердөө л хамтдаа үүнийг шийдээд урагшаа алхмаар байгаа юм.
Өчигдрийн замын зураглал танилцуулах уулзалтад ач холбогдол өгч танилцуулсан гол сэдэв бол “Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл”-ийн асуудал байсан. Энэ ч утгаараа цэцэрлэг, сургуулиудад хүнс ханган нийлүүлдэг байгууллагууд үзэсгэлэн гаргаж, Үдийн хоолны амталгаа хийлгэж, үнэ өртөгтэй холбоотой бодит нөхцөл байдлаа танилцуулсан.
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагчдаас 2024-2025 оны хичээлийн жилээс эхлүүлэн хүүхдийн хоолны мөнгө 1000 төгрөгийг авч байгаа бөгөөд энэ нь цэцэрлэгийн хүүхдийн ирцийн мэдээлэл бодитой болж, хоолны мөнгийг бодит гүйцэтгэлд тулгуурлан өгөх боломж бүрдсэнээр 30,0 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсжээ. Энэ бол сайн үзүүлэлт. Үүнийг сайн жишээ болгож яриандаа дурдсан.
Харин ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны зардлыг өсгөхийн тулд эцэг эх, асран хамгаалагчдаас нэмэлт зардал авах тухай асуудлыг хөндөөгүй, цаашид ч хөндөхгүй" хэмээжээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!