Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 36 секунд

Дуучин Б.Амархүүгийн тоглолтын талаар Увс аймгийн Ойрад хөгжимт драмын театр дараах тайлбарыг хийжээ. Үүнд:

Ойрад хөгжимт драмын театрын Захиргаа, Уран сайхны зөвлөлөөс албан ёсны тайлбар гаргах тухай,

Дуучин МУСТА, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Борхүүгийн Амархүү нь Увс аймгийн Ойрад театрт 2026.04.24-ны 19.00 цагаас тоглолтоо хийсэн ба болсон үйл явдлын талаар Ойрад театрын албан ёсны байр суурийг хүргэж байна.

Энэ тоглолтын хүрээнд сошиал орчинд Ойрад театрын үйл ажиллагааны талаар нэг талыг баримталсан мэдэгдэл хийсэнд харамсаж байна.

Ойрад театрын үйлчилгээний ажилчид тухайн тоглолтонд ажлын байран дээрээ байж зохих үйлчилгээ үзүүлсэн.

Тухайн үед уран бүтээлчид хөдөө сумуудад хуваарьт тоглолтоор явсан мөн Соёл урлагийн салбарын байгууллагуудын нэгдсэн үйл ажиллагаанд оролцож байсан ч бид тоглолтыг тасалдуулахгүйн тулд бүх боломж нөөцөөрөө туслан дэмжиж ажилласан. Тоглолтыг 80 гаруй хүн үзсэн бөгөөд цахим хандлага бол Ойрад театрын ажилчид ажлаа хийгээгүй, ажлын байран дээрээ байгаагүй, тоглолтын менежментийг хийж өгөөгүй гэдэг байр сууриар хандаж байсан. Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотоос өөрийн тоглолтын афишийг ирүүлэхдээ шуудангийн мөнгийг нь төлөөгүй, манай театраас төлж авсан ба тоглолтынхоо талаар Увс аймгийн телевиз, сайт болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулаагүй. Театр хувь уран бүтээлчийн тоглолтын менежментийг бүрэн хариуцдаггүй ч уг тоглолтыг Ойрад театрын пэйж хаягаар болон бүх боломжит сувгаар сурталчилж ажилласан. Бид төрийн үйлчилгээний байгууллагын хувьд заал, танхим, гэрэл, хөгжим аппаратур бусад үйлчилгээгээрээ уран бүтээлчдэд туслан дэмжиж ажилладаг. Үзэгч цөөхөн байсан тул бид түрээсийн мөнгөнөөс уран бүтээлчийг бүрэн чөлөөлсөн.

Үнэгүй зүйл гэж байдаггүй, бүх зүйлд өртөг зардал шингэсэн байдаг бөгөөд тоглолт арга хэмжээнд үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт бүр театрын төсөвт тодорхой хэмжээний ачааллыг бий болгож байдаг гэдгийг төсөв санхүү хүндэрч буй өнөө үед хэн ч гэсэн ойлгох цаг болсон.

Бидэнд баярлан талархснаа илэрхийлээд гар бариад гарсан хүн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгохгүйгээр хэт нэг талыг барьсан лайвыг олон нийтийн сүлжээнд байршуулсан нь харамсалтай байна. Аль ч тоглолтын явцад алдаа дутагдал гарсан тохиолдолд маш шуурхай хэлэлцэж засаж залруулан ажилладаг бөгөөд, энэхүү тоглолттой холбоотой тодорхой албан тушаалтан зөрчил дутагдал гаргасан байвал бид хуулийн хүрээнд хариуцлага тооцох нь ойлгомжтой. Ойрад театрт маш олон уран бүтээлчид ирж тоглолтоор үйлчлүүлдэг ч ийм алдаа дутагдал гаргахгүйг хичээн ажиллаж, бүх талын хөнгөлөлт үзүүлж туслан дэмжиж ирсэн.

Иймд ямар зорилгоор дээрх мэдээлэл хийснийг ойлгохгүй байна. Өөрийн карьераа өсгөж олон нийтээс хандалт авахын тулд Ойрад театрын болон нутаг орны нэрийг харлуулсан лайв хийсэнд үнэхээр харамсаж байна. Дуучин Б.Амархүүд олон үйл ажиллагаа давхцаж байгаа талаар тоглолт эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдсэн бөгөөд тоглолтын өмнө болон дараа манай албан хаагчдыг зүй бус үгээр доромжилж, тухайлбал “Чамайг ажлаас халуулна, яам тамгын газарт таньдаг хүмүүс байгаа” гэх мэтчилэн ёс зүйгүй авирлаж, “Та нар намайг угтаж аваагүй, хүндэтгэлгүй хандсан” хэмээн зүй бусаар харьцсанд манай хамт олон харамсаж байна.

Иймд үзэгч олон та бүхэн тухайн болсон асуудлыг зөв тунгаан хүлээн авч авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй болов уу.

Дуучин Б.Амархүү болон Ойрад театрын хооронд гарсан үл ойлголцлоос болж цахим орчинд таагүй сэтгэгдэл төрүүлсэнд та бүхнээс хүлцэл өчье.

Ойрад хөгжимт драмын театр

Баянчандмань сумын 90 жилийн ойн барилдаанд Э.Ууганбаяр харцага түрүүллээ
Баянчандмань сумын 90 жилийн ойн барилдаанд Э.Ууганбаяр харцага түрүүллээ
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!