Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу ҮХЦ-ээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэсэн байдаг.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.
Мөн ҮХЦ-ээс "Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал" гэж үзэн, Их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангасан талаараа даваа гарагт мэдэгдсэн.
Улмаар Их суудлын хуралдааныг аравдугаар сарын 22-ны 09.30 цагаас нээлттэй зохион байгуулахаар товлосон юм.