
Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон тулаант, адал явдалт төрлийн “ШАЛЗ” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийхээр болжээ.
Энэ талаараа тэрбээр, өөрийн цахим хуудсандаа, "Траншейн"-ий хүүхдүүд хаачсан бэ?...
"...намайг бага байхад манай гэрийн тэр хавиар маш их траншейний хүүхдүүд байдаг байж билээ. Тэднийг харахааар траншейн руугаа чирч орох гэж байгаам шиг санагдаад ум хумгүй гэр рүүгээ зугтдаг сан. Тэр хүүхдүүд одоо хаана юу хийж явдаг бол...?!"
-хэдэн найзуудтай сууж бгаад ийм яриа сонсож билээ.
Нээрээ тэд хаачсан бэ? Ямар хүмүүс болоод хаана юу хийж яваа бол...?
-энэ бодол минь явсаар ийм нэгэн кино боллоо" хэмээн нийтэлжээ.
Ташрамд дурдахад, “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд түүний тоглосон, найруулсан уран бүтээлүүд бүгд л үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг.
Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Мөн “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж, өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон юм.
Тус уран бүтээл нь “17” продакшны найм дахь уран бүтээл бөгөөд киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсэн байна.