
Улаанбаатарын төвд байрлах 116 дугаар тусгай сургуулийн хаалгаар ормогц бидний хэвшмэл ойлголтоос өөр дүр зураг угтлаа. Энд хүүхдүүдийн хичээл хараагаар биш, сонсгол, мэдрэмжээр үргэлжилнэ. Нэг ангиас төгөлдөр хуурын аялгуу цуурайтвал нөгөө ангид компьютерын товчлуурын дуу тасралтгүй хангинаж, өөр нэг өрөөнд харандаа цаасанд хүрэх зөөлөн чимээ сонсогдоно. Энэ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг “чаддаггүй” гэх нийгмийн ойлголтыг өдөр бүр эвдэж байгаа тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг.
Бид энэ удаагийн сурвалжилгаараа Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн сурагчидтай танилцаж, тэдний сургуулийн өдөр тутмын сургуулийн орчны амьдралтай танилцсан юм.
Та нүдээ аниад зураг зурж үз дээ. Өнгө алга, дүрс мэдрэгдэхгүй. Хоёр минут ч тэсэхэд хэцүү. Гэтэл нийслэлийн 116 дугаар сургуулийн хүүхдүүдийн хувьд энэ бол өдөр тутмынх нь бодит байдал. Сурагчдын зарим нь анхнаасаа харааны бэрхшээлтэй байсан ч мэдрэмжээрээ зураг зурж, давсан урлалыг мэргэжлийн түвшинд хийнэ. Мөн тэд их сургуулийн мэргэжлийн хөгжмийн ангийн оюутнаас дутахгүй хөгжим тоглож, ая зохиож, компьютерын олон программ дээр ажиллаж чадна.
Тус сургуулийн сэтгэл зүйч Т. Оюунжаргалтай сурагчдын талаар “Манай сургууль Монголдоо цорын ганц хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль. 2025-2026 оны хичээлийн жилд 140 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр хөдөлгөө орон зайн баримжаа, эмчилгээний биеийн тамир, ахуйн баримжаа, мөн ганцаарчилсан хичээлүүд явагддаг. Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр хөгжмийн ганцаарчилсан ангиуд хичээллэдэг. Төгөлдөр хуурын хичээлийг хүүхдүүд дөрвөн жил сурч эзэмшдэг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сонсох, тэмтрэх мэдрэмж өндөр байдаг учраас хөгжим тоглох, зураг зурах, давсан урлал гэх мэт гараар хийж болох урлалуудыг ахисан түвшинд нягт нямбай хийж чаддаг” гэлээ.

Мөн нэмж сонирхуулахад, сүүлийн гурван жил "токток" англи хэлний сургалтын төвтэй хамтарч ажиллажээ. Хамтарч ажилласны хүрээнд сурагчид ЭЕШ болон IELTS-ийн шалгалтад өндөр оноо авдаг болсныг онцолж байлаа. Өнгөрсөн хаврын ЭЕШ-ын дундаж оноо 670 орчим болсон үзүүлэлттэй байна.
Би уулыг ямар хэлбэртэйг мэдэхгүй. Хүрж барьж үзэж мэдэрснээрээ зурдаг

Тэд зураг зурахдаа анх гортигоор зурж сурдаг гэнэ. Тусгай 116 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Сод-Эрдэм “Зураг зурахад тэмтрэх мэдрэмж илүү хөгждөг болохоор өөрийнхөө тэмтрэх мэдрэмжийг аль түвшинд явж байгааг мэдрэх гэж анх зураг зурж эхэлсэн. Би төрөлхийн хараагүй байсан болохоор өнгөний төсөөлөл гэж байхгүй. Хүрч барьж мэдэрч үзсэн зүйлээ л төсөөлөн зурдаг. Зурахыг хүссэн зүйлээ тэр бүр зурж чаддаггүй болохоор бүдүүн үзүүртэй гортигоор зургаа зурчхаад дараа нь мэдэрч шахуу нягт байвал өөрийгөө сайн зурсан, зайтай, цэгүүд хоорондоо тарсан байдалтай байвал өөрийгөө тааруу зурсан байна гэж дүгнэдэг. Төрөлхийн хараагүй бидэнд төсөөлөл гэж бараг байдаггүй. Яагаад гэвэл өмнө нь юу ч харж байгаагүй болохоор шүү дээ. Мэдэрсэн зүйлээ л зурна. Бид үүл, уул ямар хэлбэртэйг мэдэхгүй. Хүрч мэдрэхэд ямар байсан түүгээрээ л зурна. Гэр бүлийнхэндээ зурсан зургаа үзүүлэхээр чи өөрөө зурсан юм уу, худлаа байхаа гээд итгэдэггүй” гэв.
Монгол Улсад хараагүй хүүхдүүдийн боловсролыг хангах үүднээс тусгай сургуулиуд болон төвүүд байгуулагдсан байдаг. Тухайлбал, Улаанбаатар хотод байрлах “Хараагүй хүүхдүүдийн төв” нь хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр төвүүдэд хүүхдүүдэд зориулсан хөгжмийн боловсрол, компьютерын хэрэглээ, гарын авлага, тэмдэглэгээ (Braille) зэрэг сургалтын хөтөлбөрүүд байдаг. Хүүхдүүдэд зориулсан хөгжмийн хичээлүүд нь сонсгол, мэдрэмж, гарын хөдөлгөөнд тулгуурлан хөгжүүлэгддэг байна.
116 дугаар сургуулийн сурагчид сүүлийн жилүүдэд уран зургийн бүтээлээрээ ОУ-д амжилттай оролцжээ
Тус сургуулийн 11А ангийн сурагч Д. Дөлгөөнтамир ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын зургийн тэмцээнд өнгөрсөн жил тусгай байр эзэлжээ.
Д.Дөлгөөнтамир “Би сургуульд орсон цагаасаа эхлэн зураг зурсан. Зураг зурахаар миний стресс тайлагдаж, ур чадвар илүү нэмэгдэж, юмыг өөр өнцгөөс бодох боломжийг надад олгож байгаа юм шиг санагддаг. Зураг бүрд дотоод мөн чанар, ертөнц байдаг. Миний зураг зурах арга барилын хувьд нэг, хоёр зургаас санаа авч өөрийнхөө санаатай нийлүүлж зурдаг. Одоо зурж байгаа зурагтаа нарыг илүү томоор зурж, далайн амьтдын харуулахыг зорьсон. Энэ зурагтаа энх тайвныг дүрслэн зурж байгаа. Дүүрэг улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. Зарим үед тэмцээндээ амжилт гаргах үе ч байна. Шалгарахгүй хоцрох үе ч байсан. Сайн зураг зурахаар олон цагийг зарцуулах үед гар чилж өвддөг. Ядрах мэдрэмж авч шантармаар санагдах үе зөндөө. Мөн бусад хүүхдүүд гоё зураг зурж байхад би яагаад сайн зураг зурж чаддаггүй юм бэ гэж гутрах тохиолдлууд ч байдаг. Гэсэн ч илүү сайжрахын тулд зургаа үргэлжлүүлэн зурсаар л байдаг. Мөн ахлах ангид ороод гадаад хэлний мэдлэгтээ илүү анхаарах шаардлагатай болсон болохоор зургаа байнга зурж чадахгүй л байна. Харин зургаа нэг зураад суувал хэдэн өдрөөр ч хамаагүй үргэлжлүүлэн зурдаг. Зургаа нэмж зурах бүрд шинэ санаа орж ирсээр байдаг.
Тэд хөгжимчний мэргэжлийг их сургуулийн сургалтын түвшинд дөрвөн жил сурч эзэмшдэг
Мөн биднийг сурагчидтай яриа өрнүүлж явах үед Д.Дөлгөөнтамир охин төгөлдөр хуур тоглож сонирхуулав. Түүний тоглосон ая нь Симфони, Классик хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены “5-р сонатина” гэх ая байв. Энэ бүтээлээ багштайгаа хамтарч хоёр жил тогложээ. 116 дугаар сургуульд мэргэжлийн төгөлдөр хуурын ганцаарчилсан ангийг дөрвөн жил сураад төгсдөг аж.
Д.Дөлгөөнтамир сурагчтай дахин хэсэг ярилцахад “Нэгдүгээр ангиасаа хойш хөгжим сонирхож эхэлсэн. Харааны бэрхшээлээсээ гадна төрөлхийн сонсгол муутай учраас сонсголоо сайжруулах гэж тоглож эхэлсэн бол одоо төгөлдөр хуурт бүхнээс илүү хайртай болсон. Яагаад ийм дуртай вэ гэхээр хувь хүний чадварыг улам бүр сайжруулдаг. Төгөлдөр хуур тоглож сурснаараа миний ой тогтоолт илүү сайжирч, хичээлээ ойлгодог болсон. Намайг анх хөгжмийн ангид элсэлт өгөөд тэнцэхэд багш маань хөгжим гэдэг маш хэцүү, олон хэцүү даалгавар өгнө, оройтож тарна. Чи орохыг хүсэж байна уу.. гэж асуусан. Би чадна гэж өөртөө итгэлтэй хэлээд хөгжмийн ангидаа орсон. 2021 оны карантины дараа буцаад хөгжмөө тоглож эхлэхэд хөгжмөө бага зэрэг мартсан байсан болохоор шантарч байсан. Харин дараа нь 4,5 ая тоглож сураад өөрөөрөө бахархаж цаашдаа улам бүр хичээнэ гэж бодсон. Багш маань хэлэхдээ "Өдөр бүр хөгжмөө давтсан хичээл зүтгэл хамгийн чухал. Хөгжим тоглохоос гадна бодлоо цэгцлэх хэрэгтэй гэж сургасан” гэв.
Төгөлдөр хуурын ангид байсан анхлан суралцагч 7 дугаар ангийн сурагч З.Сувдаа “Би төгөлдөр хуур тоглоход хамгийн их тайвшралыг мэдэрдэг. Сургуульд орохоос өмнө ээж маань надад даралтат хөгжим бэлэглэж байсан юм. Даралтад хөгжмөө тоглож сурснаас хойш төгөлдөр хуур тоглож сурах хүсэлтэй болсон. Хамгийн дуртай аяа тоглож байхдаа хөгжмийн НОТ-оо алдахад л маш хэцүү санагддаг. Илүү сайн төгөлдөр хуурч болохын тулд өдөр бүр 2-3 цаг багштайгаа ганцаарчилж бэлтгэл хийдэг. Миний мөрөөдөл том тайзан дээр төгөлдөр хуураа тоглоод суух” хэмээсэн юм.
Бид 116 дугаар тусгай сургуульд очиж сурагчдын өдөр тутмын амьдрал, мэдрэмжээрээ бүтээж буй ур чадварыг харсан нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтыг эвдэж байлаа.