СУРВАЛЖИЛГА: Эцэг эхчүүд хүүхдээ дагуулж голын эрэг барааддаг ч архи, тоглоомондоо анхаарч хүүхдээ хаяснаас хүүхэд ЖИВСЭН тохиолдлууд гардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 54 секунд

Өнөөдөр 2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлийн өдөр. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлж байна. Хүмүүс зуны амралтаараа гол ус бараадаж, дотоодын аялалаар их явдаг. Энэ үеэр усны болон ахуйн осол нэмэгддэг тухай өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн эмч нар мэдээлсэн.

Бага ангийнхан өнгөрсөн долоо хоногт амраад эхэлсэн. Иймд гол дагуу хараа хяналтгүй хүүхдүүд тоглож байгаа эсэх талаар сурвалжиллаа.

Бидний ярьж заншсанаар Улиастайн голыг зорилоо. Өдрийн 14.00 цагт гүүрээс хойш уруудав. Нэлээд явсаар хэсэг хүүхдүүд голд тоглож, сэлж байхтай таарлаа. 4-5 дугаар ангийн болов уу гэмээр үе тэнгийн хүүхдүүд шиг ажиглагдлаа. Голын яг энэ хэсэгт л хүүхдүүд сэлж зугаацдаг бололтой. Эргийн зүлэг нь хүний хөлийн аясаар талхлагджээ. Хүүхдүүдийн сэлж байгаа хэсэг тэр хавьдаа хамгийн сэлэхэд таатай газар байх шиг санагдав. Хоорондоо усаар байрдаж, үсэрч ороод л усанд булхах аж.

Голын эрэг дээр сууж байсан тэрсхэн хоёр хүүтэй цөөн хором ярилцлаа.

-Та хоёр найзууд уу?

-Бид хоёр нэг ангийн найзууд.

-Хэддүгээр ангийн сурагчид вэ?

-Тавдугаар анги.

-Энд тоглож байгаа хүүхдүүдийг таних уу?

-Бүгдээрээ манай ангийнхан.

-Тэгэхээр хичээлээ тараад явж байгаа хэрэг үү?

-Өнөөдөр шалгалтаа өгөөд хичээл тараад дулаахан байсан болохоор ангийн хөвгүүдээрээ гол орж сэлье гээд ирсэн.

-Энэ тухай багш нь эсвэл аав, ээж нь мэдэж байгаа юу?

-Мэдэхгүй ээ. Хэлээгүй. Хичээл тараад л шууд ирсэн.

-Ангийнхан нь бүгд сэлж чаддаг уу?

-Энэ голдоо бол хөөрхөн сэлцгээгээд л байдаг юм.

-Ямар нэгэн байдлаар усанд живж байсан тохиолдол бий юу?

-Тийм зүйл болоогүй л дээ.

-Аав ээж, багш нар нь том хүнтэй цуг гол явах, өөрсдөө явбал усанд живэх аюултай талаар ярилцаж байсан уу?

-Ярьдаг. Гэхдээ бид эндээсээ холдохгүй, энэ хавьдаа л тоглодог болохоор гайгүй л гэж боддог.

-Том хүн байхгүй голд тоглох нь эрсдэл үүсгэж болох талаар сонсож байсан уу?

-Сонсож байсан. Гэхдээ аав, ээж ихэнхдээ ажилтай. Амралтын өдрүүдээр ч ховорхон л амардаг. Биднийг идэх хоол, өмсөх хувцастай байлгах гээд завгүй ажиллаж, ядраад ирэхэд нь гол руу явъя гэж хэлж чаддаггүй юм. Тэгээд л ажилтай хойгуур нь найзуудтайгаа ирж тоглодог.

-Болгоомжтой байхгүй бол ус аюултай талаар мэддэг байх?

-Мэднэ ээ. Тиймээс бид голд тоглохдоо нэгнийгээ ус руу түлхдэггүй, усанд дардаггүй. Зүгээр л усаар байлдаж, сэрүүцэж зугаацахаар л ирдэг юм.

-За болгоомжтой байгаарай. Ярилцсанд баярлалаа.

-За ойлголоо.

Нийслэлийн онцгой байдлын газрын өгсөн мэдээллээр сүүлийн таван жилд усны ослын 427 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Усанд эрсдэж болзошгүй 60 иргэний амь насыг аварчээ. Энэ хугацаанд зөвхөн нийслэлд 105 иргэн усны ослоор амиа алдсаны 22 нь хүүхэд, 83 нь насанд хүрсэн иргэд байв. Туул гол болон Сэлбэ голд хамгийн их хүн цугладаг цэг болон хар цэгийг тодорхойлон камержуулах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлжээ. Одоогоор 11 цэгийг камержуулаад байна. Нийт 22 хар цэг байдаг ажээ. Хар цэг гэдэг нь хүн ихээр живж нас барсан, гүнзгий цүнхэл хэсгийг хэлнэ.

НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Хадбаатараас тодруулаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлж байна. Энэ үеэр иргэдэд ямар зөвлөмж өгөх вэ?

-Зуны урин дулаан цагт иргэд гол ус бараадаж амрах тохиолдол ихэсдэг. Ингэхдээ санамсар болгоомжгүйгээс болж усны ослын тохиолдол ихэсдэг. Хараа хяналтгүй хүүхдүүд усанд эндэх болон насанд хүрэгчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орж эрсэддэг. Мөн бага насны хүүхдүүдийг хөвөгч тоглоомон дээр тоглуулах, томчууд өөрсдөө хийлдэг гудсан дээр хэвтэж байгаад усанд живэх тохиолдлууд гарсан. Хийлдэг гудас, хөвөгч тоглоом аврагч хэрэгсэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн жил Хэнтий аймагт Гүрмийн нууранд хийлдэг гудсан дээр хэвтэж яваад амиа алдсан тохиолдол гарсан. Усны осол бол иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй байдал, хэнэггүй зангаас хамааралтай гардаг. Иймээс НОБГ-аас “Усыг бүү бас” аяныг зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад голын ус барааддаг ч тоглоомондоо анхаараад хүүхдүүдээ тоохгүй орхиж, хүүхдүүд нь тоглож байсан бөмбөгөө ус руу оруулаад хойноос нь орох тохиолдлууд гардаг. Иймд эцэг эхчүүд аялал зулгаалгын үеэр анхаарал сэрэмжээ дээшлүүлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.

-Завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд хэзээнээс гарах вэ?

-Ирэх нэг дэх өдөр буюу зургаадугаар сарын 15-наас ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

-Онцгой байдлын байгууллага цаг уурын байгууллагатай нягт хамтран ажилладаг. Энэ жил цаг агаарын нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ?

-Цаг уур орчны шинжилгээний байгууллагаас ирсэн мэдээллээр 6, 7 саруудад олон жилийн дунджаас хур бороо элбэг байх мэдээлэл байгаа. Түүнийгээ дагаад гол усны үерийн түвшин нэмэгдэнэ. Ялангуяа эрсдэлийн бүсэд байгаа айл өрхүүд анхаарах хэрэгтэй. Эдгээр айлуудад манай хяналт шалгалтын бүлгүүд анхааруулга хуудас өгч байгаа. Тэр хуудсыг авсан айл өрхүүд аюулгүй байдлаа хангах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг даган шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.

ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
 
Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!