Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Хууль батлагдсан тохиолдолд дараах заалтууд хэрэгжинэ. Үүнд:
ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ХУУЛЬ
1. Жилд 9 мянган зээлдэгч төрөөс хэрэгжүүлж буй 6 хувийн хүүтэй, 10 мянган иргэн арилжааны банкны 18-22 хувийн хүүтэй ипотекийн зээл авч байна. Тэгсэн ч арилжааны банкууд дээр 47 мянган зээл хүсэгчийн 6.7 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн байна. Зээл хүсэгч 3-4 жил хүлээж байна. Тэгвэл одоо хэрэгжиж байгаа 6 хувийн хүүтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулж зах зээл дээрээс 10-12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж, эх үүсвэрүүдээ холиод 6, 8, 10, 12, 14, 16 хувийн хүүтэй зээл гаргана.
2. Ипотекийн зээлийн хүртээмжийг 2.2 дахин нэмэгдүүлж, жилд 30 мянга орчим өрхөд зээл олгоно. Ингэснээр барилгын компаниудын борлуулалтыг нэмэгдүүлж, барилгын салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулна.
3. Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас, бонд гаргаж эх үүсвэр бүрдүүлсэнээр Ипотекийн зээлтэй холбоотой төрөөс гарч буй алдагдлыг бууруулж, улсын эдийн засгийг тогтворжуулна.
ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
1. Төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бага төлбөртэй нийгмийн болон хөлсний орон сууцны санг нэмэгдүүлнэ. Төрөөс залуучууд, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн төрөлжсөн хөлслөөд өмчлөх орон сууцны бүтээгдэхүүн гаргана.
2. Төрөөс газар хөгжүүлэлт, дэд бүтцийг нь бэлдэж өгч, барилгын компаниудад барилга барих газрыг гаргаж өгнө. Жижиг, дунд барилгын компаниудад батлан даалт гаргаж өгсөнөөр барилгын компаниудын авдаг зээлийн хүүг бууруулах, зээл авах боломжийг нэмэгдүүлнэ.
3. Ашиглалтад орж буй орон сууцыг нэмэгдүүлсэнээр зах зээл дээрх орон сууцны үнийн өсөлтийг барих боломжийг бүрдүүлнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлнэ.
4. Төрөөс орон сууцжуулалтын дунд хугацааны буюу 10, 10-н жилээр төлөвлөлт хийж, нийлүүлэлт, эрэлтийн тэнцвэртэй харьцааг бүрдүүлсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!