Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 221 бөхийн барилдаанд Арохангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, "Нэгдэл" клуб, "Цацрах Хангай" ХХК, "Цэлмэг дижитал" сургууль, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, "Заамар Өгөөмөр Хайрхан" ХХК, "Дорнын Өртөө" ХХК, "Батхаан Транс" ХХК, "Нэгдэл" клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Батхаан Ойл" ХХК, "Мах Импекс" ХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, "Баатарван Транс" групп, "Хан Хур Холдинг" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарам нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын заан С.Сүхбат, улсын харцага Т.Баасанхүү нар үлдэв.
Г.Дэмүүл арслангийн гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг сумын заан О.Учрахбаярт, Монгол Улсын Шадар сайд асан Говийн хөгжлийг дэмжих ТББ 15 байгууллагын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар аймгийн арслан Б.Баянсүхэд Уран барилдааны шагнал болох 1,5 сая төгрөг тус тус гардуулсан юм.
Монголын Үндэсний бөхийн холбооноос “ҮНЭНЧ, ШУДАРГА БАРИЛДААНТ БӨХ”-ийн шагнал болох гэр бүлийн хамт гадаадад аялах эрхийн бичгийг Монгол улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд гардуулав. Л.Энхсаруул начин нь аливаа барилдаанд үзэгч түмнээ хүндлэн үнэнч шударга барилдаж бөхчүүд, залуус хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлдэг бөх юм. Тэрбээр 2024 онд Улсын их баяр наадмын хоёрын даваанд улсын начин Х.Цогтгэрэлийг, гуравт аймгийн арслан У.Батцоожийг, дөрөвт улсын заан Б.Серикийг, тавд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой тунан барилдаж даваад Монгол улсын начин цолд хүрсэн бол 2025 оны Улсын баяр наадмын хоёрын даваанд аймгийн арслан Б.Сэр-Одыг, гуравт аймгийн арслан М.Гантулгыг, дөрөвт улсын харцага Э.Дашийг, тавд улсын харцага Б.Цэдэнсонгдомыг давж цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн билээ.
Дараагийн барилдаан Хүй долоон худагт зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийн баяр – “Хүрээ цам даншиг наадам-2026” Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!