УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Өнгөрөгч Даваа гарагийн АН-ын бүлгийн хуралдаанаас Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлэх шийдвэр дээр санал нэгдсэн талаар О.Цогтгэрэл дарга мэдээлсэн. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Орхон аймагт ажиллаж байгаад бүлгийн хуралдаанд хоцорч ирж таарсан. Гэхдээ бүлгийн хуралдаан дээр тухайн асуудал яригдсан гэдэг мэдээллийг бүлгийн даргын зүгээс өгсөн. Энэ талаар бид ярилцаж л байна. Би бүлгийн шийдвэрээ дагана.
-Засгийн газар байгуулагдаад 100 хоног ч болоогүй байхад огцруулах асуудал хөндөгдөж эхэллээ. Ер нь Засгийн газрын үйл ажиллагаа, оруулж ирж байгаа бодлогыг хэр байна гэж та дүгнэж байгаа вэ?
-Н.Учрал Ерөнхий сайдын хувьд үүрэгт ажлаа хийгээд л явж байна. Гэхдээ Засгийн газраас реформын чанартай зүйл орж ирэхгүй байна. Яамдуудыг харахад сандал суудлын л зүйл яригдаад байгаа харагдах юм. COP-17 хурал хаяанд ирчихсэн байхад бэлтгэл ажил муу байгаа. Ер нь ард иргэдийн амьдрал маш хүнд байна. Сая хөдөө орон нутгаар явж ажиллалаа. Баянгол дүүргээрээ ч ажиллалаа.
Иргэдийн цалин, тэтгэвэр амжиргаагаа залгуулах хэмжээнд хүрэхгүй байна. Өмнө нь ажил хийдэггүй хүн ядуу амьдарч байсан бол ажил хийгээд, хийгээд ядууралд өртөж байна. Энэ мэт гол асуудлаа шийдэх ёстой.
-Жишээлбэл, энэ хаврын чуулганаар Татварын багц хууль тэргүүтэй хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа шүү дээ. ЗГ-аас оруулж ирж байгаа энэ мэт хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг парламент дээр хэр урагштай байна вэ?
-Засгийн газраас өргөн бариад буй Татварын багц хуулийн хэлэлцүүлэг парламентын түвшинд үргэлжилж байна. Ялангуя Нэмэгдэх өртгийн албан татварын хууль олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ тухайн хуулийн төсөл дээр миний би эсрэг байр суурьтай байгаа. Монголчууд бид татвар төлж сурч байна шүү дээ. Аль ч газар очсон НӨАТ-ын баримт өгч байна. НӨАТ өндөр байгаа. Хэсэг хүнийг чөлөөлснөөр энэ асуудал шийдэгдэхгүй гэж харж байна. Дахиад л асуудал үүснэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэгч байгууллагадаа юм өгөхөөр НӨАТ-ын баримтгүй гээд л хасагдаад явна. Иймээс иргэн бүр татвараа шударга төлдөг, гэхдээ тэр нь дарамтгүй байх учиртай. Жишээлбэл, Б.Пүрэвдорж гишүүний санаачлан өргөн барьсан НӨАТ-ын 5 хувь гэх мэт санаачилгууд урагшилбал эдийн засаг өөр болно. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэнэ. 2012-2016 он буюу Ардчилсан нам засаг барьж байх үед татварын хувь хэмжээ өндөр байсныг багасгаж, байгууллагууд хоёр баланстай байсныг нэг болгож байсан. Гэтэл одоо үүнийг буцаагаад хоёр баланстай болгох гэж байгаа юм уу. Үүнийг үнэхээр ойлгохгүй байна.
Нөгөөтээгүүр сүүлийн үед цэргийн амь настай холбоотой асуудал ар араасаа гарч байна. Миний санаачлан өргөн барьсан Хүний эрхийн үндэсний комисст өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өчигдөр Хуульзүйн байнгын хороогоор дэмжигдсэн. Энэ долоо хоногт чуулганаар орно. Хүний амь настай холбоотой энэ асуудлыг сенсаци гарсных нь дараа ярих биш углуургаар нь шийдэж, түүнээс урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Миний өргөн барьсан тухайн хуулиар цэргийн ангиудад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг явуулдаг байхаар тусгаад буй юм. Өмнө нь хуулиараа хаалттай байсан юм. Энэ хуулиар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг нээж өгөх ажил байгаа юм. Энэ утгаараа Хуульзүйн байнгын хороо анхаарч байна. Мөн Мансууруулах бодистой холбоотой хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ бол нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болчихлоо. Энэ мэтчилэн асуудлууддаа онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна.
-Өчигдөр Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр Д.Батлут сайдыг огцруулахтай холбоотой шаардлага албан ёсоор ирээгүй гэх зүйлийг хэлсэн. Танай бүлэг шаардлагаа албан ёсоор хүргүүлсэн юм уу?
-Өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хуралдаан дээр хэлэлцсэн асуудал шүү дээ. Хүргүүлсэн байх.
-Ер нь таны хэлсэнчлэн ард түмний аж амьдрал сайнгүй байна. Инфляцын түвшин л гэхэд 11.2 хувьд хүрээд байна. Энэ утгаараа эдийн засгийн бодлого чиглэлээ тогтвортой, оновчтой болгох шаардлага байна. Үүнд ЗГ-ын тогтвортой байдал чухал биш гэж үү?
-Би аль болох тогтвортой байх ёстой гэдэг дээр байр сууринаас ханддаг хүн. Тиймээс энэ асуудлыг манай бүлэг дахин ярилцах байх.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!