МАН-ын намрын улс төрийн "хаалт"-ыг АН хийхээр зэхэв. Харин тэдний энэ удаагийн нүүдэл нь "цоо шинэ" биш. Өмнө нь нэг бус удаа сэдэж эхлээд Ардын намынханд "алдсан" Ерөнхий сайдыг огцруулах санаачилгаа тэд энэ удаа дахин өрнүүлэхээ зарлалаа.
Нэгэнт эх адаг нь алдагдаж сандал суудал, эрх мэдлийн булаацалдаан дунд ийм улс хийж буй АН-ыг буруутгах аргагүй. Хэрвээ тэдний оронд МАН байсан бол АН-ын засаг 2 биш 20 солигдчихсон байгаа. Ойрын жишээг эргэж сануулахад 2012-2014, холын бөгөөд өнөөдрийн МАН шиг нуман тулгуурт байсан 1996-2000 оны үйл явц. Өөрөөр хэлбэл, манай улс олон зүйл дээр урагшилсан ч Монголын улстөрчид яг л 30 жилийн өмнөх дээрээ гацсан байна.
АН-ынхан өнгөрсөн 12 сард чуулган хаахын алдад дэд сайдуудаас болж огцруулах санаачилгыг гаргаж тавиад улстөрчдийг төдийгүй ард түмнийг "ЗАСАГ ТӨР ЯАХ БОЛ" гэх хүлээлттэй уяж орхисон шиг улс төрийг энэ долоо хоногт эхлүүлсэн.
Угаасаа Ардын намынхан Ерөнхий сайдаа огцруулах анхны санаачлагыг гаргаж болохгүй. Шил дараалсан сонгуулиуд хаяанд тулж байхад өөрийн гараар "гэр"-ээ нураах хэнд ч тэнэг харагдана. Өөрөөр хэлбэл, МАН-ыг онхолдуулах тусам АН-д хэрэгтэй. Нам, төрийнхөө эрх мэдэлтнүүдийг унагах далд юм шиг хэрнээ ил адын хүсэл нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүдэд бий. "Энэ хоёр эрдэнийн эрх ашгийг нийлүүлбээс засаг унах нь эрсдэл рүү явна".
Товчхондоо, Н.Учралд угаасаа л ирэх ёстой байсан "шалгалт"-ын ажил ирэх гэж байна. Одоо гагцхүү тэр "гэрийн даалгавар"-аа хэрхэн бэлдсэнгээ намрын халуун өдрүүдэд шалгуулах л үлдэж байх шиг.
Байдал эвгүй эргэх эрсдэлтэйг засгийг команд сайн мэдэж буй тул өчигдөр Хэрэг эрхлэхийн дарга Б.Энхбаяр урьдчилсан байдлаар "вакцин" шахаж байна лээ. Тэрбээр, АН-ын дарга О.Цогтгэрэлийн улс төрд ундуйцаж "Нүүрсний хулгайчдын хамжигч" хэмээн тодорхойлов.
Нөгөө тал руу нь хандаж, нүүрсний асуудлаар шалгагдаж буй хүмүүсийн асуудлыг сануулж, тэдний сүүлийн санхүү болон эрх мэдлийн үзүүрт байгаа Х.Нямбаатар руу чиглэсэн шалгагдаж буй асуудлуудыг ч сөхөв.
Ингээд намар төсөвтэй зэрэг өрнөх улс төрийн хундаам "цутгагдаж", наадмын ар дээрх эрх ашгийн олон уулзалтуудын хөрсийг бэлдлээ.
Хоржоонтой ч гэлээ энэ нөхцөл байдал Ардчилсан намынханд "алт" болж хувирах нь ойлгомжтой. Түүнийх нь ачаар АН-нхан төсөв дээр санаа бодлоо түлхүү оруулах цаашилбал энд тэнд сугарч үлдсэн томилгоонуудаа хамгаалж чадна. Магадгүй зарим томилгоонууд дээр ч МАН-ынхантай тохиролцоонд хүрэхийг үгүйсгэхгүй юм. Товчхондоо гэвэл, Ардын намынхны тэр дундаа гуч талынхны хүсэл зориг АН-ын санаачилгыг улам "хөгжөөнө" гэсэн үг.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!