Дижитал экосистемийг бүрдүүлэгч Юнител групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд хэрэглэгч, олон нийтэд зориулсан хамгийн том дижитал бэлгээ задалж байна.Тэд өнгөрснөөс ирээдүйг холбосон хүн төрөлхтний болон монголчуудын харилцааны түүхийг орчин үеийн технологийн шийдлээр амилуулсан, Монголын анхны бөгөөд хамгийн том “Өртөө” Immersive Experience-ийг нээлээ.
Энэхүү нууцлаг бөгөөд нүсэр төслийг бүтээхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, АНЭУ-ын 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхчид хамтран ажилласан байна. Түүнчлэн нийт анимейшний 5925 фреймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өвөг дээдсийнхээ Дэлхийн түүхэнд үлдээсэн ололт амжилтыг орчин үеийн концепцоор баяжуулан хүргэж байна.

Үзэгчид тусгайлан зассан “Өртөө”-ний хаалгаар алхан орсноор хүйн нэгдлийн үеийн дохио тэмдгээс эхлээд, Хүннү гүрний элч, Их Монгол Улсын морин өртөө, XX зууны технологийн үсрэлт болон өнөөгийн дижитал экосистем хүртэлх цаг хугацааны аялалд гарах юм.
Юнител группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг:

“Бид 20 жилийн ойн хүрээндээ Монголын түүхэн өв, харилцаа холбооны хөгжлийг орчин үеийн технологиор шинэ түвшинд гаргаж, олон нийтэд хүргэхийг зорьсон. Дэлхийн 7 орны 300 гаруй мэргэжилтэн, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэхүү төсөл нь хүн түүх, өв соёлоо зүгээр нэг уншиж судлахаас илүүтэй, технологийн гайхамшгаар, бодит орон зайд мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлог.”
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Алтансүх:

“Өртөө” үзэсгэлэнгийн түүхэн өгүүлэмжийг Монгол нутагт хүн анх суурьшсан үеийн хадны сүг зургаас эхлүүлж, Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрний үе, улмаар орчин үеийн харилцаа холбооны хөгжил хүртэлх түүхэн үйл явцыг археологи, түүх, хэл шинжлэлийн судалгаанд тулгуурлан бүтээлээ. Ялангуяа Монголын морин өртөөний систем нь тухайн үедээ өнөөгийн интернетийн үүргийг гүйцэтгэж, ертөнцийн хязгаарыг ойртуулж байсан "Хурдны болон логистикийн анхны том хувьсгал" байсан юм. Бид түүхэн баримтуудыг дуу, дүрс, гэрлийн дэвшилтэт технологиор амилуулснаар хүүхэд, залуучуудад үндэсний өв соёлоо мартагдашгүй, бодитой мэдрэмжээр дамжуулан таниулах, түүхэн ой санамжийг нь бэхжүүлэх зорилгыг өвөрлөлөө.”
Энэхүү төсөл нь Монгол улс Дэлхийн харилцаа холбооны түүхийг бичилцэж, тодорхойлж явсан цаг үеийг онцолж, одоо ч дижитал экосистемийг бүрдүүлэн хөгжилтэй хөл нийлүүлэн хувьсаж байгааг харуулжээ.
Та энэхүү цаг хугацааны өртөөгөөр аялахыг хүсвэл 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үзэх боломжтой юм байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!