Ж.Золжаргал: Нийслэлийн том төслүүдийн хэрэгт ганц нэг хүнийг золигт гаргах биш, жинхэнэ эздэд нь хариуцлага тооцох ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
5 минут 49 секунд

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байдлын талаар Ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 15, 16-нд болно. Энэ талаар сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар шинжээчдээ томиллоо. Сонсголын бэлтгэл ажил ямар шатанд яваа вэ?

-Төсвийн байнгын хорооноос гарсан тогтоолын дагуу шинжээчдээ томилоод, шинжээчид ажилдаа ороод байна. УИХ хянан шалгах чиг үүрэгтэй. Энэ чиг үүрэг, хуулийнхаа дагуу дээрх ажлаа хийнэ. Монгол Улсын төсвийн жин дарах хэмжээ бол нийслэлийн төсөв. Засгийн газар төсвөө өргөн барьж, тухайн төсөв дээрээ орон нутаг, нийслэл нь ороод улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаар бий болдог. Гэтэл нийслэл дээр үүнээс том хэмжээний асуудал үүсээд байна. Энэ нь буцаад төсөв дээрээ яаж нөлөөлөх юм, төлбөр тооцоог нь хийж чадах юм уу. Үүн дээр сайн анализ хийх ёстой.

Үүнээс гадна Төрийн болон нийслэлийн өмчийн маш олон компани байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж буй олон төслүүд байгаа ч төсвийнх нь дүн хэмжээ тодорхойгүй яваад байгаа. Үүнийг нэгдсэн байдлаар ярилцаад эрхзүйн хувьд юуг сайжруулах вэ гэдгийг шийднэ. Тэр хооронд халтуурдсан, илт хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж яригдаад буй асуудлуудын талаар мэдээлэл сонсоно. Угаасаа хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн мэдээлэл аваад, цааш нь шалгаад явах байх.

-Нийлбэр дүнгээр хэдэн төгрөг гаргаж буйгаа энэ улс орон чинь мэдэж байх ёстой шүү дээ-

-Нийт хэдэн шинжээч томилогдсон бэ. Тэд ямар материалууд дээр ажиллах бол?

-Есөн шинжээч томилсон. Төсөлтэй холбоотой баримт бичгүүд дээр ажиллана. Туулын хурдны зам, 1, 2 дугаар тойрог зам, барилгын төслүүд болон компаниар дамжуулж буй мэдээллүүд дээр ажиллах ёстой. Нийлбэр дүнгээр хэдэн төгрөг гаргаж буйгаа энэ улс орон чинь мэдэж байх ёстой шүү дээ. Одоогоор ямар ч тогтсон дүн алга байна.

-Энэ сонсголоос ямар үр дүн хүлээж, ямар зорилго тавьж байгаа юм бэ. Өмнөх сонсголуудыг харж байхад, нэр төдий зүйл болоод өнгөрчихдөг, үр дүн төдийлөн гардаггүй гэх шүүмжлэл байдаг шүү дээ?

-Нэгдсэн төсөвтэй нэгдмэл улс шүү дээ. Тиймээс бид төсвийн хяналтыг алдвал улсын нэгдмэл бодлого алдагдана. Том төсвүүдийн эрхийг нь олгож хууль батлаад, нэг талаас орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах зорилго байсан бол эцсийн дүндээ төсвийн бодлогыг алдагдуулах хэмжээнд ирж байна.

Энэ төсвийн эх үүсвэр нь хаанаас ирж байгаа юм. Нөгөө л нэмсэн автомашины татвар, хураамж болон Улаанбаатар хотын татвар шүү дээ. Татвар нэмсэн ч юунд зарцуулж байна вэ гэдэг нь чухал байна. Нийслэлээс “Та нарын татвараас авсан юм байхгүй. Төсвөөс хийж байна, зээл тусламж авч байна” гэсэн янз бүрийн схем байна. Гэхдээ энэ чинь бүгд бидний төлөх мөнгө. Хэдэн төгрөг төлөхөө та мэдмээр байгаа биз дээ. Мэдэхээс гадна төлөөд л яваад байх юм уу. Ямар хэмжээнд аваачиж барих ёстой юм. Үүнийг сонсголоос гарах үр дүн гэж бодож байгаа.

Тийм учраас иргэд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Sonsgol@parliament.mn мэйл хаягаар овог, нэр, регистрээ оруулаад бүртгүүлж болно. Мэдээж баримт, мэдээлэл байгаа бол хуваалцаж болно.

-Сонсголыг санаачлаад 30-40 минутын дотор 25 гишүүн гарын үсэг зурсан-

-Иргэдээс гадна хэчнээн тооны албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг оролцуулах вэ?

-Ажлын хэсэг дээр жагсаалтуудаа гаргаад тодорхой болно. Мэдээж, нийслэлийн Засаг дарга ажил хариуцсан учраас оролцоно. Нийтийн мөнгө, хөрөнгөөр юм хийж байгаа хүмүүс нийтэд үүнийгээ тайлбарлах л хэрэгтэй.

Иргэд битгий хэл, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн ч төдийлөн бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй байна шүү дээ. Тиймээс сонсголыг санаачилсан. Санаачлаад ердөө 30-40 минутын дотор 25 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан. Олон нийт хүсэж байна, хэрэгцээ шаардлага байна. Илэрхий зөрчил байгаа. Тэр нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явж байна. Том төслүүд эхлүүлээд, хүмүүсийн уур бухимдлыг намдаахын тулд ганц нэг хүнийг золигт гаргасан балиар юм битгий болоосой гэж бодож байгаа. Хууль хяналтынхан ажил гүйцэтгэж байсан ганц нэг залуучуудад нэр наах биш, жинхэнэ эзэд дээр нь хариуцлага тооцох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороотой
Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!