16 настай хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа: Уй гашуугаас ч илүү хүнд зүйл байдаг нь үнэнийг бүдгэрүүлэх, нуун дарагдуулах, ШУДАРГА ЁСыг замхруулах гэсэн оролдлого байдаг юм байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

16 болон 32 настай эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан. Тус хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал болоод буй. Амиа алдсан 16 настай хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй Дээд шүүхэд хандахаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаад байгаа.

Харин өнөөдөр тэрбээр өөрийн нүүр номоор дамжуулан "Өнөөдөр би зөвхөн охиноо алдсан эх хүний хувьд бус, шударга ёсыг эрэлхийлж буй Монгол Улсын иргэний хувьд энэ постыг бичиж байна.

16-хан настай охины минь амь насыг хэрцгийгээр хөнөөсөн тэр өдрөөс хойш миний, бидний амьдрал ӨМНӨ ба ДАРАА нь гэсэн хоёр хэсэгт хуваагдаж хэзээ ч өмнөх шигээ байхаа больсон. Гэвч уй гашуугаас ч илүү хүнд зүйл байдаг нь үнэнийг бүдгэрүүлэх, нуун дарагдуулах, ШУДАРГА ЁС-ыг замхруулах гэсэн оролдлого байдаг юм байна.

Энэ хүнд цаг хугацаанд хууль ёсны төлөөлөгч миний өмнөөс, үнэнийг хэлж чадахгүй охины минь өмнөөс дуугарч, хуулийн хүрээнд үнэнийг, ШУДАРГА ЁС-ыг тогтоохын төлөө тууштай тэмцэж байгаа мэргэшсэн 5 хуульчид өмгөөлөгчдөдөө чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.

Та бүхэн минь зөвхөн нэгэн хэргийн өмгөөлөгчид биш юм. Та бүхэн дуу хоолой нь тасарсан охины минь өмнөөс үнэнийг нэхэж байгаа ТЭМЦЭГЧИД юм. Нийгэмд “МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ИРГЭН БҮРТ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ” гэсэн эрх зүйт ардчилсан нийгмийн суурь зарчмыг хамгаалан зогсож байгаа ХАМГААЛАГЧИД юм.

Харин бидний хүсэж байгаа зүйл ӨШӨӨ АВАЛТ биш юмаа. Бид зөвхөн ШУДАРГА үнэнийг л хүсэж байна. Бид зөвхөн ШУДАРГА шүүхийг л хүсэж байна.

Миний охин энэ дэлхийд дахин эргэж ирэхгүй. Итгэхэд болон эвлэрэхэд хэцүү ч би маш сайн ойлгож байна........Гэхдээ охины минь амь нас үнсэнд хаясан шалз шиг үнэ цэнэгүй хөсөр хаягдаж, улмаар мартагдаж боломгүй санагдаад байна. ШУДАРГА ШҮҮХ-ийн төлөө ШУДАРГА ЁС-ны төлөө тэмцэж буй хүн МОНГОЛ УЛСЫН иргэн бүрийн хүчин чармайлт талаар өнгөрч болохгүй санагдаад байна.

Үнэнийг нуух боломжтой байж болно.

Гэхдээ үнэнийг устгах боломжгүй

Шударга ёс хожимдож ирж болно.

Гэвч шударга ёс хэзээ ч алга болох ёсгүй.

Охины минь төлөө, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө, хүний амь насны үнэ цэнийн төлөө ӨМГӨӨЛӨГЧ нар минь тэмцсээр байна. Баярлаж явдаг шүү, та нартаа. ҮНЭН ЯЛНА гэдэг бид ИТГЭНЭ. ШУДАРГА ЁС ЯЛНА гэдэгт бид НАЙДНА" хэмээжээ.

ЧУУЛГАН: П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
ЧУУЛГАН: П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
 
АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудлаар мэдээлэл хийж байна
АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудлаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!