
Улаанбаатар хот. Нар дээр хөөрсөн ч гэр хорооллын нарийн гудамжуудад жиндүүхэн салхи үлээнэ. Хүнгүй мэт аниргүй гудамжинд булан эргэнгүүт хүнсний дэлгүүрүүд шил, шилээ даран байрлана. Хаяг нь өөр боловч, хаалгыг нь татах хүмүүсийн амьдрал, дэлгүүрийн лангууны дүр төрх яг ижилхэн.
Бид үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сурвалжилхаар БЗД-ийн 9 болон 35-р хороог зорисон юм.
ҮНИЙН ӨСӨЛТ ИРГЭДИЙН НУРУУНД АЧАА НЭМЖ, ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ЭРС БУУРЧЭЭ
Орж ирсэн 5 хүн тутмын хоёр нь "Цалин буутал зээл өгөх үү" гэх ижил утгатай асуултыг тоть шиг давтдаг гэдгийг дэлгүүрийн худалдагчид дуу нэгтэйгээр хэлж байв.
80 НАСТАЙ Л.ЧУЛУУНХҮҮ ЭМЭЭ: ХАШААНДАА ТҮЦ АЖИЛЛУУЛАХ ГЭЖ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН Ч ӨДӨРТ 2000-4000 ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ Л СУУЖ БАЙНА
Гэр хорооллын нарийн гудамжаар өгсөх зуур 2000-аад оны эхэн үеийг санагдуулам өнгө төрхтэй цэнхэр ТҮЦ хамгийн түрүүнд нүдэнд тусав. Тус ТҮЦ-ийг 80 настай Л.Чулуунхүү эмээ ажиллуулдаг аж.

Саяхан харвасан учраас тэтгэврийн мөнгө нь эм тариа, идэж уухад нь хүрэлцэхэд хэцүү болж, хашаандаа ТҮЦ ажиллуулж эхэлжээ. "Тэтгэврийн зээл аваад хувийн бизнесээ эхлүүлсэн ч өдөрт 2000-4000 төгрөгийн орлоготой суудаг. Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан учраас хүүхдүүд 100, 200 төгрөгийн чихэр авахаас хэтрэхгүй байна" хэмээн учирлав. Мөн тэрбээр, "Бага тэтгэвэртэй ахмадуудынхаа тэтгэврийг нэмэхгүй бол өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед цайны сүү, хоногийн хоолоо залгуулахад хүнд болж байна" гэдгээ шийдвэр гаргах түвшний хүмүүст дуулгамаар байгаагаа онцолсон юм.

ХОНЬ, ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН УЧРААС ТАХИА, ГАХАЙН МАХНЫ ЭРЭЛТ ИХЭССЭН
Харин дараа нь бид БЗД-ийн 35-р хороонд байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагчаас нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрбээр, "Дэлгүүрээ ажиллуулаад 5 жил болж байна. Анх удаагаа ашиг орлогодоо санаа зовж, ажиллуулах эсэхээ бодож эхэлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 3-4 удаа үнэ нэмэгдсэн. Шатахууны үнэ, цалин тэтгэвэр нэмэгдэх бүрт дагаад барааны үнэ нэмэгддэг хэрнээ худалдан авагчдын маань цалин нэмэгддэггүй. Энэ нь худалдан авах чадварт нөлөөлж байна. Хүмүүсийн хамгийн ихээр худалдан авдаг талхны үнэ өнгөрсөн жил 2500 төгрөг байсан бол өнөөдөр 3200 төгрөг болж нэмэгдсэн. Махны үнэтэй бол яриад ч хэрэггүй. Хонь, үхрийн махны үнэ тэнгэрт хадсан учраас тахиа, гахайн махны эрэлт ихэссэн. Өдөр бүр тахианы мах авч хоол хийдэг айлууд олон байна" гэлээ.

"ХОЁР ТӨМС, НЭГ ЛУУВАН, ТАЛ БАЙЦАЙ" - АМЬЖИРГААНЫ ШИНЭ ХЭМЖҮҮР
Хуучин шиг шуудайгаар нь гурил, килограммаар нь мах, ногоо авдаг дүр зураг аль хэдийн ард хоцорчээ. Үнийн өсөлт иргэдийн амьжиргааг хамгийн доод цэгт нь тулгаж, хэрэглээг нь ийнхүү ширхэглэж худалдан авахаас өөр аргагүйд хүргэжээ.
"Хүмүүс маргаашийн тухай биш, зөвхөн өнөөдөр орой хүүхдүүддээ юухан хийж өгөх вэ гэдэгт л хамаг мөнгөө шавхаж байна" гэдгийг худалдаа эрхлэгчид учирлаж байв.
ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: Та бүхний харж байгаачлан өдрийн цагаар орж ирдэг хүн байхаа больсон. Орой ажил тарахтай зэрэгцээд хоолны бэлтгэлээ авах гэсэн хүмүүс орж ирдэг. 2 төмс, нэг лууван, тал байцаа гээд л цуварч зогсоод жинлүүлнэ шүү дээ...
"ХОНИНЫ МАХАА НЭГ ХЭРЧМИЙГ НЬ 4 ХУВААГААД 200-300 ГРАММААР БООЖ ТАВЬДАГ БОЛСОН"
Бидний дараагийн орсон дэлгүүр бол зам дагуу байрлах мах, ногоо, дайвар бүтэээгдэхүүн худалдаалдаг жижигхэн мухлаг.

Махны мухлагийн мах хийдэг хөлдөөгчөө "Дайвар бүтээгдэхүүн элэг, зүрхээр дүүргэжээ. Худалдагчаас тодруулахад, "Мах үнэтэй болохоор авдаг байтугай асуудаг ч хүн байхаа больсон. Гэдэс, толгой, элэг, зүрх гэх мэт дайвар бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, олдохоо байсан. Өглөө эрт Дэнжийн 1000 дээр очиж алалцаад ч олж чадахгүй байна. Арга буюу байгаа жаахан хонины махаа нэг хэрчмийг нь 4 хуваагаад 200-300 граммаар боож тавьдаг болсон. Сая та 2-ын өмнөхөн 5000 төгрөг атгаад мах авахаар орж ирсэн хүү авч чадахгүй гарлаа. Хамгийн жижигхэн буюу 300 грамм мах тавихад л 8000 төгрөг болчхож байгаа юм.

Энэ мэт амьдрал энд энгийн зүйл болчихсон байна. Анх дэлгүүр ажиллуулж эхлэхдээ эмзэглэдэг байсан ч одоо дасчихаж. "Аль болох зээл өгөхгүй шүү" гэж өөртөө амлалт өгөөд дэлгүүрээ нээсэн ч амьдралыг нь мэддэг болоод, ард нь хүлээж байгаа хүүхдүүдийг бодоод эхлэхээр өгөхөөс өөр аргагүй болдог юм байна. Өөрийн орлого багасаж, өрийн дэвтэр зузаарсан өдрүүд л үргэлжилж байна даа" гэв.
Гэр хорооллын жижиг дэлгүүрүүд бол өнөөгийн нийгэм, эдийн засгийн хамгийн бодит тусгал. Энд өрийн дэвтэр зузаарч, иргэдийн хоолны цэс цөөрч, амьдралын чанар өдрөөс өдөрт хумигдсаар байна. Харин үүд ширтсэн худалдаачид, хоёр төмс атгасан иргэдийн харц ирээдүйг бус, зөвхөн маргаашийн өглөөг л түгшүүртэйгээр хайж байх шиг...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!