“Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн П.Сайнзориг оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Ярилцлагаа цэцээс эхэлье. Цэцийн “Зөвхөн нэг удаа” гэдэг үгийг дээд шүүхийн шүүгчийг томилох заалтаас хассан шийдвэрийн талаар та байр сууриа илэрхийлээч…
–Цэцийн тухай хуулийг сайжруулаагүй учраас дур зоргоороо, өөрийнхөө үзэмжээр хандаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон–
-Ер нь нэг удаагийн шийдвэртээ биш. Олон шийдвэрүүдийн үр дагавар ноцтой байгаад нь би шүүмжлэлтэй хандаж байгаа. Эхний ээлжинд шалтгааныг зөв тодорхойлох хэрэгтэй. 1992 оноос хойш, Үндсэн хууль батлагдсанаас хойш Цэцийн тухай, цэцэд маргаан шийдвэрлэх хуулийг сайжруулаагүй учраас дур зоргоороо, өөрийнхөө үзэмжээр хандаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон. Ингээд хууль тогтоомжийг цаг үетэй нь нийцүүлж сайжруулаагүйгээс хэт их хүнд найдсанаар хэм хэмжээнээсээ давах тохиолдол гарч байна. Энэ нь төрийн бүтэц бусад тогтолцоондоо хүртэл нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Улсын дээд шүүхийн шүүгчийг дахин томилох шаардлагагүй гэж шүүхийн шинэчлэлийг хийж 2021 онд хуулиар баталсан.
Аль ч улсад төрийн албанд сэлгэн ажиллуулах бодлого нэн чухал. Олон улсад “Нэг хүнийг тухайн албан тушаалд удаан суулгах нь зохимжгүй” гэдэг. Бид тухайн хүн мэргэшиж байвал удаан суулгахыг илүүд үздэг. Олон улсад шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн манаач, тогтолцоог хамгаалж буй хүмүүсээ ашиг сонирхлоос ангид байлгах, тэр хүнээ хамгаалах зэрэгт хэмжээс тавьдаг. Эдгээрийг бодож “6 жилд нэг удаа” гэж хуульд тодотгож оруулсан. Хүн удаад ирэхээрээ дахин сонгогдохоор хөөцөлдөж эхэлдэг. Хөөцөлддөг байж болохгүй. Улсын дээд шүүхээс олгосон эрхийн хүрээнд тэргүүлж ажиллах хэрэгтэй. Бид сонголтгүй болчхоогүй. Улсын дээд шүүх тодорхой хэрэг маргааныг эцэслэн шийдэж байгаа, мөн хуулийн хэрэглээ зөв байсан эсэхийг хянадаг онолын шүүх. Тиймээс бүгд эрх тэгш байх ёстой гэх зарчмаа баримталж, тойрох зарчмаар явах нь чухал. Хуульчийнхаа зүгээс би цэцийг Улсын дээд шүүхтэй нэг байхад буруутахгүй гэж боддог.
Улсын дээд шүүхийн нэг танхим хэлбэрээр ажиллах боломж бий. Мэргэжлийн хуульчийн сонгон шалгаруулалтад орсон хүмүүс байх ёстой. Гэтэл сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсээс бүрдсэнээс гарч буй шийдвэрүүд нь үр дагавар ихтэй.
Мөн шүүхүүдийг анхан болон давж заалдах шатны, Улсын дээд шүүх гээд ангилаагүй. Аймаг, нийслэл, сум дундын гээд орон нутгийн засаг захиргаатай уячихсан. Энэ нь нэг аймгийн удирдлагуудад үйлчлэх гээд байгаа мэт. Энэнээс болж шүүх оновчтой ажиллаж чадахгүй байгаа юм. Харин тойргийн шүүх ажиллавал ашиг сонирхлоос хүртэл ангид байх боломжтой. Тойргийн шүүхийг хүртэл өргөн хүрээтэй болгох хэрэгтэй. Шүүхийн шилжилт удаан байгаа нь Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт хэт явцуу байдлаар орсонтой холбоотой. Үүнд уягддаг, шилжихгүй байгаа тохиолдол бий. Ер нь том зургаараа нэг албан тушаалд хэт их удвал өөр зүйл бодож, хэт цалгарддаг. Тиймээс сэлгэх бодолгүй байдаг.
Азийн орнуудаас Япон, Солонгост эрүүгийн шүүгчээр ажиллаж байгаа хүн маргааш нь иргэний шүүхэд шилжин ажиллах боломжтой. Ингэснээр байгууллагын соёлыг эвдэхгүй, мэдлэгүүд шилжиж, ашиг сонирхлоос ангид байдаг. Харин эрүүгийн шүүхэд байгаа хүнийг иргэний шүүхэд шилжүүлэхдээ бэлдэх хугацаа өгдөг. Олон хүн амтай улс сэлгэх бодлогыг баримталж байна. Бид системээ нураачихгүйн тулд шүүхийн шинэчлэлийг хийсэн.
-2016 оны 12-р сард Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гарсан шийдвэртэй адил шийдвэр гаргачихлаа. Улираахгүй болсноор ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед хөөцөлдөж байгаад нэг хүнийг дээд шүүхийн шүүгч болгосноор сөрөг үр дагавар олон гарсан-
-Нэг хүнийг хөөцөлдөж байгаад болгочихсон, сөрөг үр дагавар гарсан. Тэр хүнд захиа, даалгавар өгсөн. Үүнээс улбаалж 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүхийн хуулийг шинэчлэхдээ дахиад ийм асуудал гаргахгүйн тулд зохицуулалт хийсэн. Цэц өмнөх шийдвэрийг дагах биш, заримыг нь өөрчилдөг. Бүх хэрэг маргаан 3 шатны шүүхээр явж Улсын дээд шүүх дээр дуусахыг цэц шийдчихсэн байсан. Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар гаргасан шийдвэрээ цэц өөрчилсөн. Учир нь давж заалдах эрхийг хангах гэдэг Үндсэн хуулийн ойлголт байдаг. Давж заалдах шатанд хэрэг маргааныг эцэслэж болно. Шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэлд тулгуурлаж дээд шүүхэд хандана гээд ойлголтоо цэгцлээд цэц шийдсэн. Өмнөх гаргасан буруу шийдвэрээ засах болов уу гэж найдаж байсан. Одоогийн ерөнхий шүүгч дахин дэвшихгүй гэж би ойлгосон. Хуулийн хэм хэмжээг нийгмийн бусад хэм хэмжээ нь дэмжиж байж л хэрэгждэг. Бусдаар бол их хатуу. Яг зүйл заалтаараа явах ёстой. Тэгээд яг хуульд бичсэнээр дахин нэр дэвших боломж байгаа ч дэвшихгүй гэж мэдэгдэж байгаа нь том соёл, ёс зүй, төлөвшил, хууль зүйн хэм хэмжээнээс илүү зөв жишиг.
-Цаг хугацаа бүхнийг харуулах нь. Их хурал яагаад ажлаа хийхгүй байна вэ. Их хурлын даргатай холбоотой юу. Цэцийн гишүүдээ яагаад томилохгүй байгаа юм?
Хоёр жил улс төржсөнтэй холбоотой. Олон дарга, цэрэг солигдсон тул эдгээр асуудлууд сунжирч байна. Цэцийн нэг гишүүн УИХ-ын Тамгын газрын дарга болчихсон. Мөн цэцийн даргаар ажиллаж байсан хүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Зарим гишүүдийн болон Х.Тэмүүжин гишүүний гаргасан зарим санал бодлыг дэмжиж байгаа.
Үнэндээ Баясаа даргатай хамт ажиллаж байсан тул хувь хүн талаас нь мэднэ. Бүрэн эрх дууссан хүнээр цэцийг удирдуулмааргүй байгаа юм. Хууль эрх зүйн тодорхойгүй орчин зарим сайн хүнийг ч муухай харагдуулж байна. Цэцийн хууль тогтоомжийг сайжруулах ажлыг удаан хийж байгаагийн нөлөө. Хууль зүйн яаманд ажиллаж байхдаа цэцийн тухай хоёр хуулийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Бямбажаргал, цэцийн гишүүн Мөнхжаргал, тухайн үед Хууль зүйн яаманд ажиллаж байсан ахлах шинжээч Цолмон нартай би хамтарч зангидсан.
Ингээд тухайн үеийн УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан Мөнх-Оргил гишүүнд өгсөн. Өнөөдрийг хүртэл хүн хүний гар дамжаад явж байна. Тэгэхээр үүнийгээ хурдан батлуулъя. Ингэснээр бие биеэ хардах эсвэл сонин нөхцөл байдал үүсэхээр улс төр хийгээд байна. Чуулган дуусахаас өмнө цэгцлэх байх. Энэ хуулийг бас сайн засаж залруулах хэрэг байна. Цэц дээр ядаж судлаачдын орон тоог нэмээсэй гэж бодож байгаа. Хувь хүний өмч болон төрийн байгууламж талаасаа судалдаг гээд хэсэг судлаач нэмж, сайн судалгаа хийж, онолын шийдвэр гаргахгүй бол үг хөөж, үгчилж тайлбарлаад байвал үзэл санааг агшаагаад байж болно. Үндсэн хуулийн цэг, таслал бүр нь утга агуулгын хувьд харагдаж байгаагаасаа том. Тэрийг онолын хувьд үгчилж тайлбарлахгүй байх ёстой. Хэрэв Үндсэн хуулийг үгчилж тайлбарлаад байвал хүссэн хүсээгүй Үндсэн хуульдаа гар хүрнэ. Цэцийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй.
-Та өөрөө манлайлж цэцийн хуулийг батлуулж болохгүй юу?
-Ажлын хэсэгтэй би зэрэгцээд яахав. Хууль тогтоомжийн 85-90 хувь Засгийн газраас орж ирдэг байсан. Үлдсэн 15 хувь нь Ерөнхийлөгч, гишүүдээс. Сүүлийн хоёр жилд Засгийн газраас томоохон бодлогын шийдвэр цөөн орж ирсэн. Ер төсөв, хугацаандаа батлагддаг тайлагнадаг төлөвлөлтийн баримт бичгүүд, шинэ парламентын үед аж ахуйн 3 төслийг хөдөлгөлөө. Дорвитой шийдсэн зүйлгүй хайран хоёр жил өнгөрчихсөн. Сүүлийн хоёр жилийг бүтээмжтэй өнгөрөөе гэдгийг байнгын хороон дээр хэлж байгаа. Ядаж 2019 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлээд засах ёстой хуулиа засчих юмсан гэж хэлээд байна. Нийцүүлж арга хэмжээ авах хэрэгтэй. Хаа, хаанаа алдаа оноо байгаа.
-Гадаадын төрийн өмчийн компаниудын менежментийг судлаад атаархсан-
-Төрийн өмчийн асуудлыг цэгцлэх хуулийг шинэчлэхээр ярьж байна. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Би дэд ахлагчаар нь ажиллаж байна. Ажлын хэсэг 29 хүний бүрэлдэхүүнтэй. Миний хувьд төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг хариуцаж байна. Энэ хаврын чуулганаар энэ хуулиа батлуулна. Томоохон суурь өөрчлөлтүүдийг авчрах байх. Төрийн өмчит 100 орчим компани байгаагаас 10 компанийг татан буулгах шийдвэр гарсан. Төрийн өмчит компанигүй улс байхгүй. Энэ хуульд туйлшрал байхгүй. Бид тодорхой өмчтэй байна. Харин менежмент засаглал, мөн яаж хяналт тавих нь чухал. Улс төрөөс ангид байх, мөн хувийн хэвшил рүү халдахгүйгээр төр өөрөө бизнесийн зарчмаар ажиллаж чадах уу гэдэгт анхаарах хэрэгтэй.
Улс төрөөс ангид байх асуудлыг хатуу хуульчилж байгаа. Засгийн газраас өргөн барьсан хуулиас ахиулаад хараат бус гишүүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь байх. Сонгон шалгаруулалтаа шударга явуулж чадвал мэргэжлийн хүмүүс томилогдоно. Тэдэнд цалин урамшууллыг хангалттай өгнө. Харин алдагдалтай ажиллавал эргээд Төлөөлөн удирдах зөвлөлөөр компанийн менежментэд байдаг хариуцлагыг нь хүлээлгэж, хувийн хөрөнгөөр нь төлүүлнэ. Олон улсад Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулчихдаг. Ингэхлээр хөдөлмөрийн харилцаа үүсдэггүй. Тодорхой зорилт буюу даалгаврын гэрээ юм. Гэрээгээ биелүүлээгүй бол дараагийн хүнээ тавих үндсэндээ хариуцлагын асуудал буюу үр дүн шаардахыг тусгасан.
Ямар чиглэлээр компани байгуулахыг маш тодорхой болгоно. Төрийн өмчит компаниудыг арилжааны болон нийтийн үйлчилгээний гэж ангилж байгаа. Тэр дундаа тарифын зохицуулалттай, хувийн хэвшил сонирхдоггүй, зах зээлийн төвлөрөл ихтэй газарт төр компани байгуулахаас өөр аргагүй байдаг. Компанийг төсвийн бодлоготой яаж уялдуулж ажиллуулах нь хуулийн гол зорилго. Одоогийн нөхцөлд улс төрийн 1 шийдвэрээр төмөр замыг санхүүжүүлэх гэдэг ч юм уу эсвэл нэг сургуулийн бие засах газрын асуудлыг шийд гэх мэт чиглэл өгчхөж байна. Энэ бүтээн байгуулалт нь буруу биш. Харин хийх арга зам нь Улсын их хурлаар шийдвэр гаргаж төсвөөс санхүүжүүлэх ёстой. Төсвийнхөө орлогыг татварын орлогоос гадна татварын бус орлого болох ногдол ашгаа олох бодлого баримтлах нь зүйтэй. Ногдол ашгийн зарчмаар олсон орлогыг нь багш, эмч нарынхаа цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх, шаардлагатай бүтээн байгуулалтаа хийдэг чиглэлээр ажиллах хэрэгтэй.
Үгүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, овсгоотой сэргэлэн сайд нь нэг шийдвэр гаргаж. төсөл хөтөлбөр санхүүжүүлээд байвал төрийн өмчит компанийн засаглал гэж ярих хэрэггүй болчхож байгаа юм. Төр өөрөө зохистой хэмжээнд энэ өмчүүдээ авч үлдэнэ. Компанийн өмчлөлийг 100 хувь гэж үзвэл төр 49 хувь, 51 хувийн 26 хувийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид, 25 хувийг ард иргэддээ хувьцааг нь санал болгож болно. Ингээд тэгш байдлаар бүгд ашиг хүртдэг байдлаар зохицуулж болно. Гадаад орнуудын жишээг харахаар атаархаад байх юм. Узбек гэхэд хөрөнгө оруулалтын сан байгуулаад, төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувиудыг нийлүүлээд, хөрөнгө оруулалтын санд хувьцааг нь өглөө. Мэргэжлийн хөрөнгө оруулагч хувьцааны үнэ цэнийг өсгөх гэж байна.
Тэр дунд Узбекийн ашигтай ажилладаг компаниудаас дундаж компаниуд байгаа юм. Дундаж компаниудынхаа хувьцааг багцлаад өгөхөөр тэр нь татагдаж, IPO Лондонд хийгдэхээр үнэ цэнэ нь өсчихсөн. Ийм байдлаар үнэ цэнийг нь өсгөх бүрэн боломжтой. Энэ хуулиа батлах юм бол иргэдэд төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг бодитой өгөх боломж бүрдэнэ.
–Улс төрийн томилгоо давамгайлаад байгаа учраас төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж чадахгүй байна шүү дээ. Дотоодын аж ахуйн нэгжүүд, хэсэг төсөл бичсэн залуус авч явлаа гэхэд төрийн өмчит компаниуд том аж ахуйн нэгж болох боломжийг хэрхэн нээж өгч байна вэ?
-Төрийн өмчийн ашигтай компанийн хувьцааг худалдаж авах зарчмаар тэтгэврийн сангийн менежментийг сайжруулж болно-
-Болсон болоогүй олон компанийн хувьцааг төр эзэмшихгүй гэж байгаа. Засгийн газраас 34-өөс доош буюу хяналтын багцаас доош хувьцааг эзэмшихгүй. Тийм компанийн хувьцааг шүүхийн шийдвэрээр эсвэл арбитрын шийдвэрээр, эсвэл хэлэлцээрийн хүрээнд орж ирвэл шууд арилжина гэж үзэж байгаа. Хяналтын багцаас дээшээ байна. Үгүй бол аливаа компанийн жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг төр хэрэгжүүлэх хэрэггүй.
Хоёрдугаарт, Хувийн хэвшлээс ялгаатай зарчим баримтална. Адилхан лицензээ авч шаардлагаа хангаж ажиллана. Төрийн гэхээс илүү сайд дарга нарын бизнес болчих гээд байна. Олон нийтийн хяналтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих. Ингэснээр сайжирна. Бид нарын нэг сэтгэхүй бий. 1990-ээд оны дундуур өмч хувьчлалыг цөөн хэдэн хүнд төвлөрүүлсэнд эмзэглээд байгаа учраас аль болох нийт иргэдэд хүртээмжтэй байдлаар, мөн энэ салбарт гадна дотнын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт боломж олгож байгаа юм. Ингэснээр тэтгэврийн сан, нийгмийн даатгалтай ч уялдана. Зарим төрийн өмчийн ашигтай компанийн хувьцааг худалдаж авах зарчим нь тэтгэврийн сангийн менежментийг сайжруулж, мөнгийг нь өсгөх боломжтой.
Даатгалын, хөрөнгө оруулалтын, баялгийн сан дээр олон нийтийн болгож буй хувьцааг худалдаж авах боломж нээгдэнэ. Бид үнэхээр чадвартай багаар удирдуулах хэрэгтэй. Аливаа компанийн хувьцааг 100 хувь гаргахгүйгээр шаталсан байдлаар гаргаж өсгөөд, дараагийн 15 хувийг өсгөх гэх мэт зарчмаар ажиллаж, компанийн үнэ цэнийг өсгөх чиглэлд өмч хувьчлалын бодлогыг чиглүүлж байна. Энэ хуулиар 1 компанийг олигарх өмчлөөд эсвэл мөнгөтэй хүмүүсийн гарт шилжүүлэх гээд байгаа зүйл алга. Аль болох иргэдэд нэн түрүүнд хувьцааг нь худалдаж авах боломж олгож байна. Ягаад иргэд эрчим хүч, уул уурхайн компаниудынхаа хувьцааг эзэмшиж болохгүй гэж. Миний хувьд 1072 хувьцааг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгоод өгчхөөсэй гэж боддог. Энэ мэтчилэн төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг хийнэ.
-Үеийн үед “Төрийн өмчийн компанийг цэгцэлнэ” гэдэг. Энэ хуулийн дэмжигдэх боломж хэр байгаа вэ?
-МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөртөө үеийн үед тусгасан. Мөн улс төрийн хүсэл зорилгыг Оюун-Эрдэнэ сайд байхдаа гаргаж, шинэ парламент бүрдэж буцсан. Үүнийг Учрал хэрэг эрхлэх газрын дарга байхдаа дахин өргөн барьсан. Ерөнхий сайдад үүнийг танилцуулсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд надаас хурдан ажлын хэсгийг хуралдуулж, энэ хуулиа нэг тийш нь гаргахыг шаардаж байна. Гишүүд ч нам харгалзахгүй идэвхтэй дэмжин оролцож байгаа.
-Зарим том бөхтэй цол нөхөн олгох асуудлаар уулзахад “Хүн авах юмаа аваагүй бол аз харьж, шаналаад хэцүү байдаг” гэж ярьсан-
-Дараагийн анхаарал татах асуудал бол Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Үүнийг өргөн барьсан. Тэгвэл энэ хуулийн концепцын талаар дурдаач?
-О.Амгаланбаатар нарын 43 гишүүнийх гэж сонссон. Тэд баяр наадмын концепцыг арай өөрөөр харж байх шиг байна лээ. Үүнд би тайлбар өгөх нь илүүц. Миний хуульд Баяр наадмын хуулийн 9.1-т зааснаар 10 жил тутам 1024 бөх барилдуулахаар тусгасан. 10 жил гэдэг нь цолны үнэлэмжийг бууруулахгүйн тулд хийсэн зохицуулалт. Ардын хувьсгалын болон Их Монгол Улсын тэгш ой давхацсан тохиолдолд 1024 бөх барилдуулах юм. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа. Үүндээ ач холбогдол өгч, тодруулах ёстой. Бид энэ түүхийн эзэн байж, өнгөцхөн хандах болохгүй. Бид өчигдрөө мэдэж, өнөөдөртөө амьдарч, маргаашаа харна. Тиймээс хэн байсан, Монгол Улс ямар агуу үндэстэн бэ гэдгийг үеийн үед санах ёстой. Тэгэхээр тэгш ойгоо 1024 бөхөөр чимэх зорилгоор энэ хуулийг санаачилсан.
Хүмүүс цолны асуудалд маш анхаарч байна. Баяр наадмын харилцааг 2003 онд хуульчилсан. Ингэхдээ өмнө нь үндэсний бөхийн барилдаанаар цолны болзол хангачихсан хүмүүсийн асуудыг бүрэн шийдээгүй орхигдуулсан. Тэд баяр наадмыг зохион байгуулах хороо, бөхийн холбоонд удаа дараа ханддаг. Мөн 2022 оны 7-р сарын 1-ний өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, нэгдсэн журмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэнэ” гэж заасан.
Үүнийг өнгөрсөн парламентаар шийдчихсэн. Гэтэл эрх бүхий байгууллага гэдэг хэн болох нь тодорхойгүй тул гацчихсан. Тэгэхээр би хуулиараа үүнийг процессжуулах зорилготой. Мөн 2021 онд энд тэнд болсон бүсийн наадамд морины уралдаанд уяачид, сурын харваачид, бөхчүүд нь цолоо авчихсан. Үүнд аймаг сумын засаг дарга нь захирамжаа гаргаад, бөхийн холбоонд ирүүлсэн. Гэтэл бөхийн холбоо энэ асуудлаа мухарлахгүй болохоор аймаг, сумын цолтой бөхчүүдийн цолыг хүчингүй болгох уу эсвэл хүлээн зөвшөөрөх үү гэдэг хууль эрх зүйн орчны шахалтад орчихсон. Тэгэхээр би дагаж мөрдөх журмын хуулийг тодруулж, нэг удаа Бөхийн холбооны саналыг үндэслэн баяр наадмыг зохион байгуулах хороо саналаа Ерөнхийлөгчид уламжил гэж тодруулж өгч байгаа юм.
–17 бөхийн нэр анхаарал татаж байна. Бөхчүүд “Ойр ойрхон том цолтой бөх тодрох гээд байна. Амжилтад сөрөг нөлөөтэй” гэж ярьдаг юм байна лээ. Тэгэхээр хууль батлагдсанаар дагаж мөрдөх журмын хуулийн хугацаа ямар байх вэ?
-Ердийн журмаар тооцсон. Баяр наадмын хууль батлагдвал энэ батлагдана. Улсын их хурлаар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд засаж, залруулах боломжтой. Хүмүүс намайг хийх ажилгүй байна гэдэг. Нэгэнт баяр наадмын харилцааг хуулиар зохицуулдаг учраас үүнд гарч буй харилцааг хуулиар зохицуулахаас аргагүй.
-Хаврын чуулганаар батлагдлаа гэхэд наадмаар бөхчүүд цолоо аваад барилдах болов уу?
-Сайн хэлж мэдэхгүй юм. Баталсан тохиолдолд хуулиа хэрхэн яаж хэрэгжүүлэхийг Улсын их хурлаар хэлэлцэнэ.
-17 бөхийн зарим нь өргөдлөө өгсөн, өгөөгүй гэж байна. Ер нь 90 гаруй хүн байдаг юм байна лээ. Энэ хүмүүс манай аавын, өвөөгийн нэр хоцорсон гээд хэл ам гарвал яах уу?
-Эдэн дунд бурхан болсон нэг л бөх бий. Тэр нь Пунцагийн Сүхбат арслан. Түүний хувьд амьддаа хүсэлтээ гаргасан. Тэгэхээр энэ хүнтэй барьцах хүн байхгүй биз гэж бодож байна.
-Амжилт бичигдээд үлддэг. Тэгэхээр тэр бөхчүүдийн ар гэр цолыг нь нөхөж авна гээд маргаан гарна шүү дээ. Энэ хүн одоо байхгүй юм чинь гэж болохгүй байх тийм үү?
-Нэгэнт 2003 онд хуульчилсан. Хуульчлаад Монгол Улсын төрийн тэргүүн олгодог болчихсон. 2021 оны наадам дээр байгаагаас бусад ид барилдаж байгаа бөх байхгүй. Өмнөх хууль эрх зүйгээр дутуу зохицуулж орхисны харилцааг одоо шийдэх гээд байна. Энэ асуудлыг үеийн үед ярих биш хууль эрх зүйн орчноор зохицуулж мухарлах ёстой.
Ганц бөх дээр энэ асуудал яригддаггүй. Адуун дээр ч гарч байна. Хэмжилт хийдэг хүмүүс нотой гэх мэт зүйл ярьдаг. Уралдаж орж ирэхэд нь хэмжих ёстой. Гэхдээ өөр хүнээр хэмжүүл гэж байгаа. Хэний морь аль уяанд хурдан байна, түүнийг барьж үлддэг. Баяр наадмын тухай хуулийг судлаад үзэхээр адуугаа сайжруулж чадсан нь наадаж байсан юм билээ. 1950 оноос хойш морин тойруулга, манай тухайн үеийн удирдлагуудад энэ тэндээс, хойноос авчирсан адуу дээгүүр давхиж байсан юм билээ.
Мөн Сүхбаатар аймгийн угшилтай өвгөн ноён Пүрэвжавын өсгөсөн сүрэгт тэмээ шиг англи азарга байсан гээд морь судлаачид түүхийг нь ярьдаг. Мөнгөтэй хүмүүс нь сумын наадмыг тойрч хэсээд. морь мал мэддэг сумын залуучууд морио уралдуулахаас халгадаг асуудал нэг хэсэг гарсан. Яг анзаарахаар адуугаа сайжруулаагүй аймаг үлдээгүй байна. Тэгэхээр хуулийн хүрээнд асуудлыг шийдэхийг зорьж байна. Наадам дөхөхөөр л асуудал хөндөж гаргаж ирсэн зүйл байхгүй.
-Таны хуулийн 2-р зүйлээр, аймгийн наадамд начин цолны араас 6 давсан бөхөд харцага цол олгох уу?
-Техникийн хувьд орхигдчихсон байсныг л залруулж байна. Сумын наадамд 64 хүртэлх, аймагт 128 хүртэлх гэдгийг би тус бүр хоёр дахин өсгөж байгаа. Хүртэл гэхээр одоогийнхоор барилдаж болно эсвэл өсгөх боломжтой. Гол нь үндэсний бөх сонирхож хичээллэх залуучуудын тоо нэмэгдсэн тул бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад, бүртгүүлж чадахгүй хасагдаад байгаа юм. Ингээд бөөн будилаан гарч, наадмын уур амьсгал эвдэрч, өв соёлоор бахархан хичээллэж байгаа залуусын урам зориг унтарч, спортоо орхидог. Бөхөөр хүүхдээ хичээллүүлээд, амьдралыг нь шийдэх гээд байгаа юм биш. Ингээд бүртгэлийн тоог хязгаарлахаар ард нь авлига бий болсон. Улсын цолтой бөхчүүд энэ бүртгэлийг мөнгөжүүлж байгаа сураг бий. Мэдээллүүд нь байгаа. Үндэсний өв соёлоос хэн нэгэн ашиг хонжоо харж болохгүй.
Бид нэг талдаа залуучуудаас цол харамлаж байна. Монголын үндэсний бөхчүүд зуны дэлгэр цагт болж буй ойнуудыг орхиж, Өвөрмонголд очиж барилдаж байна. Тэнд бөхийн бай шагнал өсөж байгаа. Монголд ид барилдаж байгаа дархан аварга нэг л байна. Үнэлэмж нь буураад, хэдэн мянгаараа дархан аварга болчихсон тохиолдол бий юү. Даян аварга байна уу? Байхгүй. Тэгээд цолны үнэлэмжийг бууруулах, хавтгайруулахад шуураад байж болохгүй.
-Бөхчүүд, бөхийн холбоо таны хуулийг дэмжиж байна уу?
-Би хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу мэргэжлийн холбооноос санал авсан. Аваргуудын нэрэмжит барилдаанд очиж бөхчүүдийн ноён оргилуудад хуулиа танилцуулсан. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, О.Хангай, С.Мөнхбат, Г.Балжинням аваргад танилцуулахад, дэмжсэн. Хүн авах юмаа аваагүй бол аз харьдаг, сэтгэл шаналдаг, хэцүү байдаг гэж ярьсан. Хангай аварга бол “Чи яг өргөн барьж чадах уу” гэж ам асуусан. “Би өргөн барина. Батлах эсэх асуудлыг би дангаараа шийдэхгүй” гээд үнэнээ хэлсэн. Бүгдийг нь 100 хувь санал нийлүүлэх хэцүү.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!