НЭХЭН СУРВАЛЖИЛГА: 207 дугаар байрны хохирогчид: Өдөр болгон ирдэг. Өнөөдөр юу хийсэн байна гэж харахаар, орон гэртэйгээ болчих гээд нүдээ ширгэтэл харж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 37 секунд

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ дэлбэрсэн осол болсон. Ослын улмаас долоон хүний амь эрсдэж, гурван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр түлэгдэж, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө сүйдсэн.

Өнөөдөр дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 63 өрхийн 200 гаруй оршин суугч түрээсийн байр дамжин амьдарч байна. Харин хуучин байрыг буулгаж, шинээр барихаар болсон. Одоогоор хуучин байрыг буулгасан ч шинээр барих ажил эхлээгүй байна. Иймд тус байрны оршин суугчид ямар нөхцөл байдалд байгааг, барилгын ажил хэзээ эхлэх, хэзээ шинэ байр ашиглалтад орох талаар сурвалжиллаа.

Байрны хохирогч, иргэн А-тай уулзаж ярилцав.

-Байрыг хэзээ барих талаар шинэ мэдээлэл оршин суугчдад өгсөн үү?

-Одоогоор зураг төсөл нь батлагдсан ч албажиж ирээгүй байна. Зураг төсөл нь батлагдаад ирвэл барилгын ажил эхэлхэд бэлэн байгаа гэсэн.

-Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэсэн үг үү?

-Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр манай байрыг дахин ашиглах боломжгүй буулгах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн буулгах ажил эхэлсэн. Хүйтний улирал байсан болохоор хажуу талын барилгуудын шугам хоолой манай байрны доогуур явдаг тул бүрэн буулгавал шугам хоолой хөлдөх эрсдэлтэй тул В1 болон нэг давхрыг үлдээгээд байсан. Харин дулаан орсноор үлдсэн хэсгийг буулгаж дуусгаад, барилгын талбайгаа цэвэрлээд, хоёр хажуу талын байрын хөрсийг бэхжүүлэх ажлууд явагдсан гэж байсан. Одоо зөвхөн зураг төслөө батлагдах, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө хүлээж байна гэсэн.

-Та бүхний нөхцөл байдал ямар байна вэ?

-Бүгд л түрээсийн байранд байгаа. Би одоогоор ажлынхаа ойрхон байр түрээсэлж байна.

-Түрээсийн төлбөрийг Нийслэлээс өгч байгаа юу?

-Тийм. Гэхдээ түүнийгээ олж авах гэж бас л хэдэн өдрийн ажил болно шүү дээ.

-Та тухайн байраа хэдэн онд хэрхэн авч байв?

-Би 2018 онд 207 дугаар байрыг ашиглалтад ороход л ипотекийн зээлээр авч байсан.

-Одоо ипотекийн зээлээ төлж байгаа юу?

-Тухайн үед гэнэтийн зүйл болсон. Шөнө хүмүүс унтаж амарч байх цагаар гарсан осол тул зарим хүмүүс нь дээгүүрээ юм нөмөрч амжсан уу, үгүй юу. Нүцгэн шалдан л хүмүүс сандарч гарч гүйцгээсэн. Зарим хүмүүс өмссөн хувцастайгаа үлдсэн. Ийм нөхцөлд зээл төлнө гэдэг сэтгэл зүйн хувьд ч, аж амьдралын хувьд ч үнэхээр хүнд байсан. Оршин суугчид байраа нураалгахгүй хүчитгээд засвар хийлгэе гэсэн байр суурьтай байсан ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээнэ гэсэн. Ингээд буулгах шийдвэр гарсныг хүмүүс мэдэж байгаа байх. Гэтэл одоо байхгүй болчихсон байрны зээлээ бид төлөх ёстой болсон. Ингээд Санхүүгийн зохицуулах хороо, нийслэл, Монголбанк гэх мэт албаныхантай уулзаж зээлийг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл зургаан сараар л хойшлуулах боломжтой гэсэн. Гэхдээ үндсэн зээлийн төлөлтийг л хойшлуулна. Харин хүүгээ төлдгөөрөө төл гэсэн. Энэ нь зээл төлөхтэй бараг ялгаагүй байсан учир зээлээ төлөөд явсан.

-Ипотекийн зээлээр авсан байр албан журмын даатгалтай байдаг байх аа. Даатгалаас мөнгө гаргуулсан уу?

-Тийм юм байна лээ. Энэ гай зовлон бидэнд тохиолдоогүй бол түүний талаар мэдэхгүй л өнгөрөх байсан юм билээ. Эхэндээ мэдэхгүй буруу зарчмаар хөөцөлдөөд, сүүлд хуульч, өмгөөлөгч О.Батхүүтэй уулзтал ипотекийн байр албан журмын даатгалтай байдаг. Би зөвхөн даатгалын асуудал дээр өмгөөлөл үзүүлж өгье гэсэн. Хуульч О.Батхүү байгаагүй бол бид түүнийг нь мэдэхгүй байсан. Ингээд манай байранд нийт 37 айл ипотекийн зээлтэй байсныг мэдсэн. Бүгд нийлээд даатгалаас мөнгө гаргуулахаар хөөцөлдсөн янз бүрийн шалтгааны улмаас ихэнх нь даатгалаас мөнгөө авч чадаагүй. 11 айл л даатгалаас нөхөн төлбөр авсан. Тэр нь ч амар байгаагүй. Маш их цаг зав, хугацаа, ажил орсон. Угтаа ийм осол болоход даатгалын байгууллага нь бидэнд ирж үйлчлэх ёстой байтал тэгээгүй. Харин яаж мөнгө өгөхгүй байх вэ гэдэг зарчмаар л ажилладаг юм байна лээ. Тиймээс би даатгал банк хоёр нэг халаастай болсон гэсэн дүгнэлтийг л хувьдаа хийгээд сууж байгаа.

-Ихэнх айлууд нь ямар шалтгааны улмаас даатгалаас мөнгө гаргуулж чадаагүй юм бэ?

-Даатгал төлөлт нь дундаа тасарсан, зарим нь даатгал төлдөг гэж мэдээгүй байсны улмаас төлөөгүй юм байна лээ. Харин надад нэг кейс гарч ирсэн нь би сар бүрийн төлөлтөө хийгээд байсан ч арилжааны банк цааш нь даатгалын компани руугаа шилжүүлээгүй байсан. Үүнийг О.Батхүү хуульч ажиллаж байж авч өгсөн. Бас л нэлээд цаг хугацаа орсон.

-Тэгэхээр бусад айлууд нь зээлээ төлөөд л явж байгаа юу?

-Тийм. Бас нэг кейс гарч ирсэн нь тухайн осолд нөхөр нь өнгөрөөд эхнэр нь хүүхдүүдтэйгээ үлдсэн. Зээл төлөгч нь нөхөр нь байсан. Ингээд зээлдэгч нас барсан үндэслэлээр гадныхан зээлийг хаадаг юм байна лээ. Гэтэл манайд хамтран зээлдэгч нь байгаа бол төл гэдэг юм байна лээ. Тухайн залуугийн хамтран зээлдэгч нь ах нь байсан. Өөрөө тусдаа амьдралтай. Үлдсэн эхнэр, хүүхдүүд нь зээл төлөх боломжгүй. Гэтэл банк сар бүр зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардсаар л байгаа. Банк бол “Сүнсээр нь ч хамаагүй төлүүлнэ” гэдэг зарчмаар ажилладаг юм байна лээ.

Ингээд бид НЗДТГ-ыг зорин очлоо.

НЗДТГ-ын Хөрөнгө оруулагчийн газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэнгээс тодруулаа.

-Дүнжингаравын газ дэлбэрсэн ослын улмаас шатсан 207 дугаар байрыг буулгаад, дахин барих төсөв энэ жилийн төсөвт суусан тухай мэдээлэл байна. Хэдэн төгрөг энэ жил төсөвлөгдсөн бэ. Одоогийн байдлаар барилгын ажил ямар явцтай байна вэ?

-Дэлбэрэлтд өртсөн 207 дугаар байрыг дахин барих ажлын барилга угсралтын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулагчийн газар захиалагчийн хяналт хийн ажиллаж байна. Барилгад нийт батлагдсан төсөв 17.3 тэрбум төгрөг. Үүнээс 2026 онд санхүүжих өртөг 8.6 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр Дабль пирамид ХХК шалгарсан. Зураг төсөл нь 2026 оны зургаадугаар сарын 5-ны өдөр магадлалаар албажиж гарсан. Өнөөдрийн байдлаар буулгалтын ажил дууссан. Хажуу барилгуудад нөлөөлөх хөрсний бэхэлгээг хийчихсэн. Үндсэн барилгын ажлаа ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваад 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхэд бэлэн болоод байна.

-Энэ жил батлагдсан төсвөөр ямар ажил хийх вэ?

-Энэ жилдээ цаг агаар тогтуун, хөрөнгө мөнгө саатахгүй бол барилгын карказын ажлыг дуусгая, өрлөгөө дуусгая. Болж өгвөл битүүлье гэж төлөвлөсөн. Компанийн хувьд хүн хүчээ шахаад 2027 оны арванхоёрдугаар сарын 27 гэхэд ашиглалтад оруулна хэмээн төлөвлөснөө мэдээлээд байна.

НЗДТГ-аас өгсөн мэдээллийн дагуу барилгын ажил эхэлхэд бэлэн болсон эсэхийг харахаар 207 дугаар байрын суурийг очиж үзлээ. Биднийг очих үед барилгын хашааны зүүн хаалга нь онгорхой барилгын материал буулгаж байв. Дотор нь техник хэрэгсэл, кран гэх мэтийг байрлуулсан нь өрөөстэй харагдав. Барилгачид материалаа буулгаад завгүй. Ярилцлага авахыг хүссэн ч “Одоогоор барилгын ажил эхлээгүй бэлтгэл ажил явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Барилгын хашааг тойроод баруун талд нь очиход ажилчдын орж гарах хаалга гаргаж, үүдэнд нь жижигхэн манаачийн байр байрлуулжээ. Хашааны дээр самбар байрлуулан, барилгын ажил хэзээ эхлэх, хэзээ дуусах, ямар компани барьж байгаа зэрэг мэдээллийг бичиж байршуулжээ. Барилгын хашаа руу орж гарах барилгачдын хөл тасарсангүй тул ажил үргэлжилж байгаа тодорхой байлаа.

Хажууханд нь нэгэн хүн барилгын хашааны завсраар харж байгааг асуувал 207 дугаар байрны оршин суугч байв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Барилгын ажлын талаар оршин суугчдад хамгийн сүүлд ямар мэдээлэл өгөв?

-Барилгын буулгалт дууссан. Талбайн цэвэрлэгээ болон хөрсний бэхжүүлэлтийг хийсэн. Одоо шинэ барилгын ажил эхлэхэд хэрэгтэй материалуудаа буулгаж, техник хэрэгслүүдээ байрлуулаад байна гэсэн. Зураг төсөл нь батлагдвал ажил эхэлхэд бэлэн гэсэн.

-Таны нөхцөл байдал ямар байна вэ?

-Түрээсийн байрандаа л байгаа. Энэ хугацаанд 2-3 ч нүүлээ. Нүүх болгонд эд хогшил эвдэрч гэмтдэг юм байна. Дэлбэрэлтийн дараа үлдсэн эд зүйлсээ авах гэсэн ч газны хор шингэсэн тул харшил өгч эрүүл мэндэд нөлөөлсөн. Судас хагарах, харшил өгөх гэх мэтээр илэрсэн. Тиймээс хуучин бүх эд зүйлсээ хаясан. Юу ч авч чадаагүй.

-Байр ашиглалтад ороход дахин нэлээд хугацаа орох бололтой?

-Барилгын компани нь олон том хороолол барьж байсан туршлагатай болохоор манай байрыг жижиг барилга гэж үзэж байгаа юм байна лээ. Төсөв мөнгө нь саатахгүй, ямар нэг удаашралгүй бол компанийн зүгээс аль болох хурдан шахаж ажиллаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн.

-Оршин суугчид барилгын ажлыг хянаж байгаа юу?

-Байнга хянаж байгаа. Өдөр болгон ирж хардаг юм. Өнөөдөр юу хийсэн байна гээд л хардаг. Орон гэртэйгээ болчих гээд л нүдээ ширгэтэл харж байна. Энэ хугацаанд байраа хүлээж амжилгүй хоёр ч хүн тэнгэрт дэвшлээ. Сэтгэл санаа нь үнэхээр хүнд байсан.

Ослыг эргэн сануулахад:

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01.06 цагийн орчимд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 15.3 тн газ тээвэрлэж явсан машин Патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас газ алдагдаж, улмаар дэлбэрсэн. Ослын улмаас долоон хүний амь эрсдэж, гурван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр түлэгдэж, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө өртсөн.

Дэлбэрэлт болсны маргааш “Дашваажил” ХХК-ийн зүгээс мэдээлэл хийж, компанийн захирал Н.Баатаржав “Манай жолооч 62 настай, маш туршлагатай. 2019 оноос хойш манай компанид ажиллаж байна. Архи, тамхи огт хэрэглэдэггүй, онц тээвэрчин хүн” хэмээн онцолж байв.

Үүний дараа дэлбэрэлтийн газын хий агаарт тархсан эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав. Иймд тус бүсэд харьяалагдах сургуулиудын сурагчдын эцэг эхийн зүгээс хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргасан. Осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон "Глобал" олон улсын дунд сургууль байрладаг. Тус бүсийн сургуулиудын сурагчдыг 14 хоног цахимаар хичээллүүлэв.

Ингээд яаралтай ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Урьдчилсан байдлаар гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тогтоож байв.

Осол болсон өдөр газ тээвэрлэсэн ачааны машиныг жолоодож явсан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, БХЯ-ны автомашин Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж эхэлсэн.

Ингээд Галын албан ёсны дүгнэлт 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр гарав. Тус дүгнэлтээр “Ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлт гаргалаа. Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдлоо” хэмээжээ.

2024 оны арваннэгдүгээр сараас “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Ренчиндорж нарыг яллагдагчаар татсан.

Прокуророос хэргийг хянаад шүүхэд шилжүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болов. Урьдчилсан хэлэлцүүлгээс нотлогдвол зохих баримт бүрдээгүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан.

2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Дашваанжил групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Намсрайн Баатаржав таалал төгсөв.

Прокурорын байгууллагаас авсан мэдээллээр “Хэргийн дахин мөрдөлт дуусаж, тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулах ажиллагаа явагдаж байгаа. Удахгүй шүүхэд шилжинэ” хэмээсэн юм.

Улаанбаатарт 25 хэм дулаан
Улаанбаатарт 25 хэм дулаан
 
НИТХ энэ сарын 15, 19-нд хуралдаж нийслэлийн төсвийн тодотгол зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ
НИТХ энэ сарын 15, 19-нд хуралдаж нийслэлийн төсвийн тодотгол зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!