Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.
Бид Улаанбаатар хотын бондыг анх удаа босгож, 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зориулахаар болсон.
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр:
-Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хот анх удаа бонд босгосон. Тус бондын санхүүжилтээс 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжид гурван байршлын 20 км гаруй замд ээлжит их болон урсгал засвар хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, тус дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:
-Толгойтын замаас Үйлдвэрчний зам руу холбогдож буй тус 2.4 км замыг анх 2011 онд ашиглалтад оруулж байсан. Түүнээс хойш ээлжит болон их засварын ажил огт хийгдээгүй. Зөвхөн сүүлийн жилүүдэд нийслэлийн Замын хөгжлийн газраас нүхэн эвдрэлийг засах буюу урсгал засварыг хийсэн. Гэвч асфальтбетон хучилттай замын ээлжит засвар хийх стандартын хугацаа нь зургаан жил байдаг. Иймд тус замд зайлшгүй ээлжит их засвар шинэчлэлтийн ажил хийх шаардлагатай байна.