Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Х.Хонгорзул эмчийн “шүгэл үлээсэн“ асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг очиж ажиллажээ. Дүгнэлт удахгүй гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 19 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул цахим хуудастаа шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаад байв. Түүний хувьд тус сумын ЭМТ-д гэрээт шүдний эмчээр ажилладаг нэгэн бөгөөд суманд нь сайн дурын ажил хийхээр ирсэн Солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфеткаар арчиж, мөн шүлс сорогчийг солилгүй, арчиж дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичсэн байдаг. Тэгвэл эл асуудлын эргэн тойронд ямар үйл явц өрнөж буй талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-АНХНЫ МЭДЭГДЭЛ: Бид нарын Солонгос явах, хамтрах ажилд чи саад хийлээ хэмээн зэмлэсэн-

Тэрбээр энэ талаарх мэдээллийг өөрийн албан ёсны цахим хаяг дээрээ нийтэлсэн байдаг. Ингэхдээ "Манай сумын ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс 3 Солонгос шүдний эмч нар 2024-07-18,19нд үнэ төлбөргүйгээр шүдний тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн. Би тэдгээр эмч нараас юм сурах, үзлэгт нь туслах зорилготой 2024-07-18нд шүдний кабинетдаа орсон. Гэтэл нэг эмч нь бээлийгээ савандаж угааж олон хүнд нэг бээлийтэй үзлэг хийхийг өөрийн нүдээр харсан. Мөн шүлс соруулагчийг салфеткаар арчиж олон хүнд хэрэглэхийг хараад өөрөөсөө 100ш шинэ соруул гаргаж өгсөн. Тэгээд Солонгос эмчийн үзлэгийг харж байтал халдвар хамгаалал ариутгалын дэглэм огт сахихгүй кресло машин, өрмийн хошуу, наконечникаа огт ариутгахгүй салфеткаар арчиж олон хүнд үйлчилсэн. Үзлэгийн багаж латошкоо мөн арчиж дараа дараагийн хүмүүст үйлчилсэн. Мөн үнэртэй шүдэнд өрөмдөөд огт эм хийхгүйгээр шууд дентин хийхийг хараад гайхаж цочирдсон. Мэргэжлийн олон алдаа гаргаж байсан.

..Би энэ асуудлыг эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон ажиллаж байгаа Эрдэнэбаяр эмчид хэлэхэд багажаа ариутгаад үзлэгээ үргэлжлүүлэн хий гэв. Хэнтий аймгийн ЭМГ мэдэгдэхэд эргээд хариу өгнө гээд ЭМГ-аас Эрдэнэбаяр эмчид үз гэсэн гэж хэлэв. Эрдэнэбаяр эмч мөн наадах чинь жижиг асуудал байна. Бид нарын Солонгос явах хамтрах ажилд чи саад хийлээ хэмээн зэмлэсэн. Маш олон хөдөөний эрүүл мэндийн боловсрол муутай хүмүүсийг эдгээр ирсэн Солонгос эмч нар хохироож байна. Шүдний эмчийн хувьд үнэхээр эмзэглэж өргөдөл гомдол гаргаж байна. Энэ асуудалд хяналт тавиж өгнө үү" гэсэн байсан юм.

-НҮҮР АМ СУДЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ: Биндэр суманд болсон асуудлыг шатны байгууллагад нь хандан хамтран ажиллаж байна-

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Харин тухайн өдөр уг зөвлөлөөс “Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байна” гэх мэдээллийг өгөөд байв.

-Х.Хонгорзулын мэдээлэлд гарсан эмнэлэг үзлэг хийсэн Солонгос эмч нарыг "Агапе Христийн эмнэлгийн эмч нар биш" гэв-

Х.Хонгорзулын мэдээлэлд тухайн Солонгос эмч нар Агапе христийн нэгдсэн эмнэлэгийн шугамаар Монголд шүдний үнэ төлбөргүй үзлэг хийхээр ирсэн талаар дурдагдсан. Харин тухайн эмнэлгээс эл мэдээллийн дараагаар мэдэгдэл гаргасан бөгөөд тухайн эмч нарыг Агапе Христийн эмнэлгийн эмч нар биш хэмээн дурджээ.

Мэдэгдэлд:

Юун түрүүнд манай Явуулын эмнэлгийн үйл ажиллагаа нь ЭМСС-ын 2016 оны А147 тушаалын Сайдын тушаал 2016 (moh.gov.mn) дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус тушаалд зааснаар тухайн тусламж үйлчилгээ, эм хангамжийн үйлчилгээг төлбөртэй үзүүлж болох хэдий ч өнөөдрийг хүртэл бид огт төлбөргүй айлчилж ирсэн.

Бид дээрх тушаалын дагуу:

1. Тухайн сум, багийн Эрүүл мэндийн төвөөс албан тоот /хүсэлт авдаг.

2. Тус хүсэлтэд дурдсан чиглэлийн албан ёсны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрх бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн цуглуулах

3. Цуглуулсан баг, болон очих боломжтой хугацааг орон нутгийн эмнэлэгтэй тохирсоны дагуу аймгийн ЭМГ-аас зөвшөөрөл авдаг.

4. ЭМГ-ын зөвшөөрөл дээр үндэслэн нийт багийн тээвэр, хоол, байр болон эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай бүхий л зардлыг 100% Агапе Явуулын эмнэлгээс гаргаж очиж үйлчилдэг.

5. ЭМТҮ-ний тайланг аймгийн ЭМГ-т нь хуульд заасан хугацаанд хүргүүлдэг.

Өнөөдрийг хүртэл хугацаанд бидэнд ямар ч гомдол ирж байгаагүй бөгөөд дахин дахин хамтран ажиллаж байгаа сум, багийн эмнэлгүүд ч бий билээ. Энэ удаагийнх ч мөн адил хууль ёсны дагуу зөвшөөрлөө авч, сумын эмнэлгийн хүсэлтийн дагуу баг бүрдүүлэн очсон бөгөөд явсан ба Хэнтий аймгийн Биндэр сумын асуудалд нэр дурдагдсан 3 солонгос эмч нь Агапе Христийн эмнэлгийн эмч нар биш байхад нэр оролцуулан эмнэлгийн нэр хүндэд санаатай/ санаагүй байдлаар халдаж байгаад эмзэглэж байна.

Мөн эцэг эх, асран хамгаалагчид нь үзлэгт хамрагдаж байх хооронд хүүхдүүдийг нь харж өгч, тоглуулж тусалдаг сайн дурын оюутан гишүүдийг маань эмчилгээ үйлчилгээ хийсэн мэт ташаа мэдээлэл тарааж байна. Энэ удаагийн асуудлаас болж өмнөх үйлчлэлүүдэд оролцсон бүхий л гишүүдийн нөр их хөдөлмөр, мэдлэг чадвар, сайхан сэтгэлийг үгүйсгэх мэдээлэл явж байгаад харамсаж байна.

Бид 7/18 өдөр санал гомдол гарах хүртэл үйл ажиллагааг явуулаад, гомдол гарсан даруйд үйл ажиллагааг зогсоож холбогдох дээд шатны байгууллагуудын шаардсан материал бичиг баримтыг нотолгооны хамт албан ёсоор шалгуулж байна. Бид холбогдох байгууллагуудын албан ёсны шалгалт нь дуусч хариу гартал хүлээж байсан боловч бидний үйл ажиллагаанд халдаж өмнөх бүхий л үйл ажиллагааг буруу байсан мэт хэт нэг талыг барьсан ташаа мэдээлэл санамсартай/санамсаргүй байдлаар тараад байгаа тул товч тайлбар хийлээ.

Та бүхнийг албан ёсны хариу гартал хүлээцтэй хандаж хэт нэг талыг барьж туйлшрахгүй хүлээцтэй хандахыг хүсье" гэжээ.

-ЭМЯ, ХӨСҮТ-ийн баг Хэнтий аймгийн Биндэр суманд очиж ажиллажээ-

Үүссэн асуудалтай холбогдуулан энэ сарын 21-нд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хяналт үнэлгээний газраас таван хүний бүрэлдэхүүнтэй баг тус суманд очжээ. Мөн Эрүүл мэндийн газраас ч очиж ажиллаж буй аж. Шалгалтаар очсон албаныхан тухайн үзлэгийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдсан эсэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алдаа гаргасан эсэхэд дүгнэлт гаргах учиртай юм.

-Х.Хонгорзул: Асуудал шийдэгдтэл ярилцлага өгөх боломжгүй байна-

Бид шүгэл үлээсэн сумын эмч Х.Хонгорзултай холбогдож, тодруулга мэдээлэл авахыг хүсэхэд тэрбээр татгалзсан юм. Ингэхдээ "Асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл ярих боломжгүй байна" гэлээ.

-ЭМЯ: Биндэр суманд очиж ажилласан салбар зөвлөлийн ДҮГНЭЛТ гарсны дараа нэгдсэн мэдээлэл өгнө-

Ямартай ч ЭМЯ, ХӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж ажиллажээ. Харин илэрсэн алдаа, зөрчил юу байгаа тодруулахаар ЭМЯ руу холбогдоход "Х.Хонгорзулыг ажлаас нь чөлөөлсөн зүйл байхгүй. Гэрээтээр ажиллаж байгаа эмч. Очиж ажилласан баг хараахан ирээгүй байна. Удахгүй газар дээр нь очиж ажилласан багийн эцсийн дүгнэлт гарна. Түүний дараагаар нэгдсэн мэдээллийг өгөх болно" гэсэн юм.

Энэ асуудлын талаар бид эргэн мэдээлэх болно...

Олимпын галт бамбарын буухиа Парис хотноо ирлээ
Олимпын галт бамбарын буухиа Парис хотноо ирлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.