Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарсан байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас чанарын шаардлага хангаагүй байна гэх асуудал үүссэн. Тиймээс ОБЕГ-аас алба хаагдын хувцас хангалт, стандартын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, Хурандаа Я.Гантөмөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Онцгой байдлын хувцас хангалтыг 3 ангилж үздэг.
- Техник
- Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын
- Өдөр тутмын гэж ангилж үздэг.
Харин тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд хангалттай буюу өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, багаж техникийг улсын төсвөөс зохион байгуулдаг. Улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээнд худалдан авалтаа хийдэг. Үүнтэй адил өдөр тутмын хувцсыг ч мөн улсын төсөвт тавигдсан хэмжээгээр худалдан авч, алба хаагчдаа хангадаг.
Түүнчлэн онцгой байдлын алба хаагчдын хувцсанд чанар стандартын хувьд мөрдөгддөг тусгай стандарт бий. Өөрөөр хэлбэл галын хувцасны хувьд тодорхой хэмжээний халуунд тэсвэртэй байна гэсэн байдаг. Үүн дагуу худалдан авалтаа хийдэг.
Гэвч бидэнд нэг асуудал тулгардаг. Тухайлбал, өндөр үнэтэй, чанартай байж болно. Гэвч худалдан авах хэмжээ буурчихдаг. Тиймээс бид Монгол Улсын цаг агаарт тохирсон, боломжийн үнэ ханштай хувцас худалдан авахыг зорьж ажилладаг юм" гэлээ.