Өнгөрөгч сард зохион байгуулагдсан хоёр шатны нүүрсний сонсголоор Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г МТАС түншлэлтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Улмаар Хянан шалгах Түр хороо тайлангаа танилцуулах үеэр тус түншлэлтэй байгуулсан гэрээг цуцлах үүргийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас өгсөн бөгөөд тун удахгүй гэрээг хүчингүй болгох УИХ-ын тогтоол гарна гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдээд байсан. Тэгвэл УИХ-ын тогтоол албажиж гарсан байна.
Тус тогтоолд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн тул Эрдэнэс тавантолгой ХК-ийн МТАС түншлэлтэй байгуулсан гэрээг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээг авахыг Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгажээ.