Узбекистан Улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг, шатрын Үндэсний шигшээ баг, “Каисса” клубийн шатарчин их мастер Төрмөнхийн Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдэгүүдтэй хамт манлайлж явсаар шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд “Алтан үсэг”-ээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт болж буйд Монголын Шатрын Холбоо төдийгүй нийт шатрын их гэр бүлийнхэн энэ цаг мөчид бахдаж, баярлан омогшиж байна.
Тэрбээр, 17 өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргуудтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт 12 эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт боллоо. Монголчууд бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх, цаашлаад аварга болох ойрхон байгаагийн тод жишээ боллоо.
Блиц төрөлд мөн эх орноо төлөөлөн оролцсон МУГТ, их мастер Б.Мөнгөнтуул 20 дугаар байр, их мастер Д.Номин-Эрдэнэ 60-р байрыг тус, тус эзэлээ. Түргэвчилсэн буюу рапид төрөлд их мастер Т.Мөнхзул 17-р байр, их мастер Д.Номин-Эрдэнэ 24-р байр, МУГТ, их мастер Б.Мөнгөнтуул 30-р байрыг тус, тус эзэлсэн байна.